Pages

Sunday, December 19, 2010

Хумсаа будав

Цэлмүүн хумсны лак онгойлгоод хумсаа будаад сууж байв. Зураг зурдаг нарийхан хошуутай саатай лакаар нөгөө хэдэн могжгор хурууныхаа бяцхан хумснуудыг овоо олоод будчихсан, бас өнгөгүй лакаар давхарлах санаатай юм уу даа нээгээд энд тэндээ нялж байгаад үйлдэл дээрээ баригдлаа.
Манай охин үзэг балны хоббитой, хаана үзэг бал харагдана, будаг гээд шүүрээд авчихна. Тэгээд бариад явж байна. Тэгтэл миний айж байсан зүйл биеллээ олж жижиг өрөөний ханын цаасыг зургийн талбар болгосон байлаа.
Жижигхэн зүрх, цэцэгтэй стикерийг гэрээр нэг нааж өгч байнаа. Боодолтой Хужиртын усан дээр 2 зүрх, хаалга, миний утсан дээр цэцэг гээд л ургачих юм аа.

Monday, December 6, 2010

Эмнэлэгт хэвтсэн түүх

Хүүхэдтэй хүн бүрд хамгийн аймшигтай явдал бол хүүхэд өвдөх гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Манай охин анх цэцэрлэгт ормогцоо ханиад хүрээд эдгэсэн ч цээжиндээ багахан хэржигнүүртэй, хааяа нэгхэн ханиалгаж явсаар бараг 2 сар өнгөрлөө. Энэ хугацаанд өрхийн эмчид 2, цэцэрлэгийн эмчид өдөр бүр, төрсөн цагаас нь үзүүлсэн өөр нэг эмчид 2 удаа үзүүлж элдэв эм бичүүлж уусан ч бүрэн эдгэсэнгүй.

Tuesday, November 2, 2010

Ирээдүйн модель

Өнгөрсөн долоо хоногт Цэлмүүний цэцэрлэгийн ангид "Дүрслэх урлагийн нээлттэй хичээл"-д суух урилга ирсэн байсан. 2 нас ч хүрээгүй хүүхдийн дүрслэх урлагийн хичээл гээд бодохоор инээд ч хүрэх шиг, гэхдээ хөөрхийс минь насандаа таарсан юм хийгээд ангийнхаа гадаа өлгөчихсөн байдаг юм аа.
Аав, аниа хоёр нь очиж суусан чинь манай хүн анхаарал нь сарниад байн байн аав руугаа эргэж хараад олигтой юм хийгээгүй гэсэн. Бас овоо ярьдаг, үг хэлдэг болохоор нь багш нь байсхийгээд "Цэлмүүн ээ, энэ юу билээ?" гээд л өмд, гуталны зураг үзүүлэхээр мань хүн ирсэн аав ээжээс бишүүрхсэн үү, ганц ч үг дуугарахгүй байсан гэсэн. Манай охин яг цагаа тулахаар их аймхай, аавыгаа дуурайгаад хихи...
Амралтын өдрөөр бид гурав Их дэлгүүр ороод би юм хум үзэх санаатай, Цэлмүүний анхаарлыг сарниулах гээд хоёр хүүхэд моделийг зааж өгөөд эргээд харсан чинь ... манай охин нөгөө хоёр моделийн урд нь ташаагаа тулаад яг модель шиг зогсож байвал яах уу? Харамсалтай нь, торгон агшны зургийг авч амжсангүй.

Monday, October 18, 2010

Цэрнээс яаж салах вэ?

Цэлмүүн цэцэрлэгт ороод 3хан хоноод анхны ханиадаа хүрсэн юм. Тэгээд 7 хоногийн дотор ханиад нь наашилж эдгэсэн ч цээжиндээ цэртэй үлдчихээд одоог хүртэл (сар хагас гэсэн үг) цээжиндээ хэржигнүүртэй муухай ханиалгаад байх юм.
Эмчид очихоор нөгөө л нэг эмнүүдээ бичиж өгөх юм. Уул нь тэр цэр ховхолдог эм уугаад овоо цэр нь ховхорсон ч бүрэн эдгээгүй.
Baby эмнэлэг дээр цэр соруулах үйлчилгээ байдаг гэж байна, тийшээ очиж үздэг юм уу? Аав нь бол СОС-т үзүүлье, эмч нар нь арай сайн байх гэх юм. Гэхдээ СОС хүүхдийг сайн үздэггүй гэж сонссон доо.

Thursday, October 7, 2010

Цэцэрлэгийн сонин

Ойрдоо охиноо өөрөө очиж аваагүй байсан, нэг авахдаа багштай нь жаал хууч хөөрлөө. Цэлмүүн ангидаа хамгийн сайн ярьдаг нь гэнээ. Манай охин ч хүссэн юмаа хэлээд нэхээд авчихдаг л даа, хааяа л яах гээд байгаа нь мэдэгдэхгүй аашлаад байдгаас бус.
Нэг, долоо, найм гэдэг тоонуудыг хэлж сурсан, хөх, улаан өнгийн товчийг танина
Бөмбөгийг өмбөг гээд нээх хөөрхөн хэлдэг байсан чинь бөбө гээд мангар хэлдэг болчихож, ангийнхаа хүүхдээс л сурсан юм шиг байна. Аваад зогсож байтал үүдэнд нэг охин зогсож байсан бас Алиа, алиа гээд дуудаад байнаа, тэр нь тэгсэн Анхилуун гэдэг нэртэй юм байна.
Ангидаа бас цэвэрхэн иддэг хүүхдүүдийн тоонд ордог гэж байна, манай гэрт бол хамгийн заваан иддэгээр ямар ч яриангүй шалгардаг хүн шүү дээ. :P

Tuesday, October 5, 2010

Ханиад гэж хадны мангаа

Манай мисс байхгүй ээ, ханиад хүрчихсэн. Цэцэрлэг гэдэг чинь үнэндээ бас өвчний үүр юм аа, цэцэрлэгээсээ авсан бололтой, ангид нь нилээд олон ханиад томуутай царай алдсан хүүхдүүд байна гэнэ.
Одоо тэгээд цэцэрлэгт явуулахгүй байлтай нь биш, ингэж явсаар байгаад сүүлдээ дархлаатай болдог гэдэгт найдаад л явж байхаас.

Monday, September 27, 2010

"Сармагчин"

Цэлмүүн гэртээ шалан дээгүүр өнхрөөд л, суниах маягтай бөгсөө өргөөд л, хөлөө өргөж буулгаад байхаар нь ангидаа биеийн тамир ороод дасгал энэ тэр хийдэг юм байх гэж бодлоо. Тэгээд нэг удаа авахдаа асуутал дасгал зааж өгөөгүй гэнэ дээ. Харин нэг багш нь турах санаатай, ангидаа дасгал хийдгийг манай сармагчин сураад авчихжээ. Хүүхэд нээрээ аав, ээж, багшийнхаа юу хийсэн бүгдийг дуурайх юм аа.

Sunday, September 26, 2010

Яахаа мэдсэнгүй

Цэлмүүнийг авахаар цэцэрлэгт нь очтол мань хүн нэг хүүхэдтэй шөргөөцөлдөөд сандал булаацалдаад байгаа бололтой зогсож байлаа. Шагайгаад зогсож байтал Цэлмүүний сандлаас барьж байсан гарыг багш нь цохиод авдаг юм даа. Ёоо, юу харчихав аа гээд би сандраад яахаа мэддэггүй, тэгтэл охин минь намайг хараад ээжээ гээд уйлан алдаад гүйгээд ирсэн.
Би яах, юу хэлэхээ мэдэхгүй ангийн үүдэнд охиноо тэврээд зогсож байтал багш ч бас бантсан бололтой гарч ирээд Цэлмүүний гарыг нөгөө хүүхэд нь яг хазах гэж байхад цохиод хазуулаагүй ухааны юм яриад л ...

Бассейнд орлоо

Өнгөрсөн долоо хоногт аав ээж хоёр нь бассейнд орж яваад 2 настай охиныг бассейнд авч орж байгаатай тааралдаад зориг ороод Цэлмүүнийг бассейнд авч орохоор шийдлээ. Өдөржингөө гадуур явж явж S  размерийн усны хувцас, бас хөвөгч тоглоом авав. Нэгэнт их дэлгүүрээр орсон юм чинь энэ тэрүүгээр юм үзэж, хоол хүртэл идээд 2, 3 цагийн дараа арайхийн гарч Озон бассейн руу зүглэлээ.
Миний мэдэхээр УБ-д байгаа бассейнуудаас хамгийн жижигхэн нь Озон, том хүний цээжээр татахаар өндөртэй. Бид жижигхэн гэж голоод энд ордоггүй байлаа.
Цэлмүүн эхэндээ жаахан айсан ч удалгүй дасаж сүүлдээ бүр хөвөгчөөсөө барихгүй ус цацалцан тоглож, цагийг тун зугаатай өнгөрүүллээ. Жижигхэн ваннанд ордог байгаад том ваннанд шилжихэд яаж баярласныг бодоход ийм том бассейнд тоглоход ямар зугаатай байсан болоо, бас чийрэгжих тустай.

Wednesday, September 22, 2010

Маамааг бай бай гэв

- Өнөөдөр цэцэрлэгтээ юу хийсэн бэ? Маамаатай тоглосон уу?
- (Толгой дохив.)
- Маамаатай яаж тоглосон бэ?
- Бай, бай.
- Маамааг чи бай, бай гэсэн юм уу? Яагаад тэгэж байгаа юм бэ? Маамаа тэгээд яасан?
- Ий ий ий.
- Пөөх, чи маамааг бай бай гээд уйлуулсан юм уу? Тэгээд багш чинь яасан бэ?
- Хи хи хи.
Цэлмүүний яриагаар бол өөрөө хүүхэд зодож уйлуулахад багш нь хи хи хи гээд инээсэн юм байх. Энэ ч худлаа байх аа.

Monday, September 20, 2010

9 сарын 20

Ойрын хэдэн өдөр цэцэрлэгтээ яваагүй, мартчихжээ. Ааваа, ээжээ гэж дуудаад л үлдлээ. Гэхдээ ч нэг үеэ бодоход энд дасч байна шүү.
Орой ээж төрсөн өдөрт явж би аниатай компьютерийн доор засаж тоглосон. 

Sunday, September 19, 2010

9 сарын 15 - 19

Өдөр хоног өнгөрсөөр л... би хааяа уйлаад л, хааяадаа гайгүйхэн цэцэрлэгтээ явсаар байна. Тавдах өдөр аав намайг хүүхдүүдээс хамгийн түрүүнд цэцэрлэгээс авсан, зарим хүүхдүүд уйлаад л үлдсэн дээ.
Одоо надад гадагшаа гарч хувцсаа өмсөх бүрт намайг цэцэрлэгт хүргэж өгөх гээд байгаа юм шиг санагдаад би их сэжигтэй ханддаг болсон.
Хагас сайнд бид дахиад Тэрэлж рүү салхинд гарч ийм юм идсэн.
Надад ч үүнээс илүү шийгуа, бас тэгээд надаас 2-оор эгч Хулантай тоглох л сайхан байлаа.

Wednesday, September 15, 2010

9 сарын 14

Цэцэрлэгт явна гэж том асуудал байна аа. Орой хүүхдүүдийн ээж, аав ирж хүүхдээ авахаар гэрийнхнээ санаад уйлмаар болох юм. Өнөөдөр миний хажууд сууж байсан хүүхэд миний хоолыг булаацалдаад би өгөөгүй, тэгсэн чинь намайг хацар дээр минь хазчихсан. ий ий ий.
Ямар их өвдөж, ямар их гомдов оо?!!!
Орой би аниатайгаа тоглоод, аниагийнхаа өвөр дээр унтаад , ер нь л аниатай л байгаад баймаар санагдсан. Аниа нааш ир, аниа нааш ир гэж дуудахаар хүрээд ирдэг юм, миний аниа. Шөнө сэрчихээд бас аниаг санаад аниатай унтсан чинь өглөө босоод ээжийгээ санасан шүү. Ээжээ нааш ир, ээжээ нааш ир...

Monday, September 13, 2010

9 сарын 13

5 хоног завсарласны эцэст цэцэрлэгтээ явлаа. Аав, ээж, аниагаа санаад хайгаад л байсан ч олсонгүй. Багш намайг уйланхай болчихсон байна гэсэн. Орой хүүхдүүдийг аав, ээж нь ирж авсан чинь би бас гэрийнхнийгээ санаад уйлсан.
Гэрт ток тасарчихсан тул бид Украинская кухня орж хоол идлээ. Тэндхийн аквариумд загас об, об, об гээд л хоол идээд яваад байсан.
Орой нь Жуковын гадаа шинээр баригдсан усан оргилуур дээр очсон. Үнэхээр гоё, сэтгэл хөдөлсөндөө би алгаа ташаад л гүйгээд байсан.

Sunday, September 12, 2010

9 сарын 10 - 12

Пүрэв, Баасан гаригуудад ханиадаараа далимдуулж цэцэрлэгтээ яваагүй сайхан байна даа. Гэртээ дураараа дургиад, дунд чөмгөөрөө жиргээд л, хүүхдүүд тоглоом булаацалдахгүй амар байна. Гэхдээ бас уйтгартай ч юм шиг.
Аав, ээж хоёр ажилдаа явахгүй амралтын өдрүүд гоё доо. Хагас сайнд бид гэрээрээ ээжийн найзуудтай Тэрэлжид голын хөвөөнд очиж өдрийг өнгөрүүлсэн. Навчис шарлаад сэрчигэнэн унаж, гол урсаад л...
Би ч элдэв юм идэж өгсөөн тэнд, хиам, зайдас, жүүс, цэлцэгэнүүр гээд. Тэгээд бас гүйлгэж баларсан даа.
Бүтэн сайнд эмээ өвөө хоёр ирж намайг баахан эрхлүүллээ. Гэрт олон хүн байж, намайг эрхлүүлэхээр сайхан юм аа...

Thursday, September 9, 2010

9 сарын 9

Өглөө ээж, эгч бид гурав эртлэн босож намайг хамгийн анх үзсэн эмч нарын нэг болох Эрка эмчид үзүүллээ. Ингээд эм бичүүлж аваад харьснаар миний өнөөдрийн аялал дууслаа.
Орой сайхан том ваннанд усанд орж, усан дотор мөлхсөн, бараг л сэлсэн.
Шөнө бөөлжөөгүй, гүйлгээгүй, сайхан өтгөн ногоон нус гоожуулаад л явна даа.
Намайг хэрэг тарихаар ээж, аав, эгч нарыг уурлахаар нь би хайртай гэж хэлээд, хөлийг нь түшээд зогсоход дороо уурлахаа больчихдог юм. Харин намайг уурлуулсан хүмүүс ёстой соррии болдог юм даа. Би ч бас овоо гүрийнэ шүү.

9 сарын 8

Сохорсон биш завшив гэгчээр өнөөдөр намайг цэцэрлэгт явуулсангүй, аниатай цуг өрхийн эмчид үзүүллээ. Хувцсыг минь тайлаад унахаар цэцэрлэг байна гэж андуурч эсэргүүцэл үзүүлсэн ч удалгүй хувцсыг буцаан өмсүүлж санаа амраалаа.
Өдөржингөө гэртээ аниатай тоглож өнгөрүүллээ. Ингээд байгаад байж болдоггүй юм байх даа. Шөнө дахиад бөөлжиж гүйлгэсэн. Ээжийн санаа их зовсон байх даа.

9 сарын 7

Шинэ өдөр эхэллээ.
Ээж намайг гадаа гаръя гэж дагуулж гарчихаад даажин даажин дээр суулгахгүй цэцэрлэгт хүргэж өгсөнд би их гомдсон. Би даажинд хичнээн дуртай гээч.
Өнөөдөр би өглөөний, бас өдрийн хоолоо идчихээд вооооо гээд бөөлжчихсөн. Түүнээс бусдаараа энгийн нэг өдөр өнгөрлөө. Бусад маамаанууд надад ойртож ирэхэд би их дургүй хүлээж авдаг байснаа больсон.
Орой ашгүй аниа ирлээ. Ээжээс өөр тоглох хүнтэй боллоо доо.
Би аниадаа хайртай ч ээжтэйгээ л унтах дуртай. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна.
Шөнө би дахиад бөөлжиж, зөндөө гүйлгэж хонолоо. Хөөрхий ээж эгч хоёр минь их л сандрах шиг боллоо. Би ч унтаад л байлаа.

9 сарын 6

Өглөө би эрхлээд аав ээж хоёрынхоо өвөрт орж унтсан. Өглөө аавыг босч явсныг мэдэлгүй аавынхаа унтаж байсан тал руу шахаж байгаад орноос уначихсан. Ингэж орноос унаж тоотой л үзсэн дээ.
За ингээд цэцэрлэгтээ буцаад орлоо доо. Багшдаа тэврүүлээд Ээж ээ гэж уйлаад л үлдлээ. Би ангийнхаа хоёр бөмбөгийг өмчилж аваад бусдаас хамгаалах ажил хийж байна. Орой цэцэрлэг тарахад хүүхдүүдийг ээж аав нь ирж аваад, би ээжийгээ санаад ээжээ гэж уйлсан.
Орой нь Чимгээ эгч ирж надтай тоглолоо.

Wednesday, September 8, 2010

9 сарын 4 - 5

Амралтын өдрүүд, аав ээжээсээ салахгүй эрхлэх өдрүүд эхэллээ.
Хагас сайнд бид гурав гадуур явж надад Mini Bravo-оос 2 цамц, 1 өмд, ягаан өнгөтэй биеийн тамирын хос хувцас, бас угж авсан. Тэгээд Славянский Базаарт хоол идсэн (би тэнд төрөхөөсөө өмнө 1, төрөөд 2 дохоо орж байна.)
Орой нь бид гурав бяцхан дүүгийндээ зочлов. Дүү минь хэдий нэг нас хүрч байгаа ч хазах, базахдаа надаас ч илүү байсан нь гайхалтай. Аав ээж хоёр намайг тэнд үлдээгээд кино үзэхээр явсанд би их гомдсон ч уйлаагүй шүү.
Орой нь намайг унтсан хойно ирж, бид гурав гэртээ харьлаа.
Бүтэн сайны өдрийг гэртээ хоол хийж, гэрээ цэвэрлэсэн шигээ сайхан өнгөрөөлөө.

Tuesday, September 7, 2010

9 сарын 3

Тогтмол цагт босох амаргүй юм аа.
Өглөө босоод аниатайгаа цэцэрлэгтээ явлаа. Үүдний даажин даажин дээр суух гэсэн чинь байдаггүй. Аниа намайг багшид минь уйлуулан байж үлдээгээд явлаа.
Би нөгөө ширээнийхээ хөлний дэргэд нэг сандалтай болсон. Тэр сандлаа бас хамгаалдаг ажилтай болсон доо. Нэг хүүхэд сандал дээр минь суух гэхээр би хазаад хөөгөөд явуулсныг сонсоод ээж хүүхэд хазаж болохгүй гэж хэлсэн, гэхдээ хааяа өөр яах учраа ч олохгүй үе байх юм.
Би өдөр унтаад сэрэхдээ аавыгаа санаад дуудсан ч дэргэд минь байсангүй.
Орой ээж, эгч хоёр намайг авч харихад би гэртээ орохгүй санаатай эсэргүүцээд барсангүй. Аав шөнө ирээд намайг зөндөө эрхлүүлсэн. Аавдаа хайртай.

Thursday, September 2, 2010

9 сарын 2

Өнөөдөр цэцэрлэгтээ явах хоёрдох өдөр. Өглөө ээж намайг сэрээхэд би тийм ч дуртай биш байсан ч удалгүй сэргэж хаачих гэж байгаагаа мэдээгүй болохоор тун цоглог байлаа.
Ээж биш аниа намайг цэцэрлэгт ангийн минь үүдэнд хүргэж өгөхөд л намайг ямар хувь заяа өнөөдөр хүлээж байгааг ухаарч эсэргүүцлээ газарт тэрий хадан илэрхийлэв. Гэсэн ч намайг хуураад аниа орхиод явчихжээ.
Ингээд би аргагүйн эрхэнд цэцэрлэгтээ үлдээд эндээ эзэн нь болохоор шийдлээ. Ангид байдаг том ширээн дээрээс багш бидэнд хярам, сүү хийж өгдөг болохоор би тэр ширээг хамгийн чухал газар болохыг ухаарч ширээний хөлийг өөрийн "дош" болгон сонгож авлаа. Би өдөржингөө дошоо эргэж, бусад хүүхдүүдээс хамгаалж өнжсөн.

Wednesday, September 1, 2010

9 сарын 1

Өнөөдөр би 7 цагаас эртлэн босож цэцэрлэгтээ явлаа. Олон гоё тоглоомтой, хөөрхөн жижигхэн сандал ширээтэй ангид ороод юм хум сонирхож яваад ээжийгээ явсныг ч анзаарсангүй.
За би гэртээ харихаар гутлаа сольж өмсөөд сууж байна.
Хэсэг болсны дараа ээж минь харагдахгүй байгааг анзаарч цэцэрлэг дотуур ээжээ, ээжээ гэж дуудаж зөндөө явлаа. Энд тэндгүй үзлээ. Ээж намайг орхиод явчихжээ.

Tuesday, August 31, 2010

Би жимс жимсгэнэд дуртай

Энэ зургийг аниа авсан юм, жимс идээд халтайсан л хүн байгаа биз. Юунд нь гайхаа вэ? Аниа намайг халтар гэж шоолоод би гомдсондоо нулимс унагасан нь хатаж амжаагүй байна ...
Би ногоон алим, усан үзэм гээд амтлаг шүүслэг жимсэнд их дуртай. Бас үзэм, нэрс, аньс, гүзээлзгэнэ, киви идэж үзсэн. Заримыг нь мартчихжээ.
Үзэмтэй холбоотой дурсамжаа ярьвал эмээ надад хэдэн үзэм угаагаад аяганд хийгээд өгөхөөр нь нэг нэгээр нь түүж идээд ясыг нь ялгаад тавьчихсан чинь мундаг байна гээд сүйд болсон.

Monday, August 30, 2010

8 сарын 31

Зуны зугаатай гурван сар харвасан сум шиг хурдан өнгөрч намар ирлээ. Цэлмүүн миний бие маргаашаас цэцэрлэгт явах учиртай ч одоогоор тэр нь яг ямар зүйл болохыг ойлгоогүй л байна. Маргааш явж ирээд ямар болохыг ярьж өгье дөө. 
Өнөөдөр би анх удаагаа том ваннанд усанд орж үзлээ. Үнэхээр өөр юм аа. Бүр дотор нь мөлхөж хүртэл үзсэн шүү. Илүү том, хөл гараа хөдөлгөсөн ч чөлөөтэй, тоглож наадах талбай ихтэй, сайхан байлаа.
Монгол шилтгээнд гэрийнхэнтэйгээ зугаалж явахдаа авахуулсан зургаа оруулав.