Pages

Wednesday, May 28, 2014

Өглөөний цайнд

Цэлмүүн Ирмүүн хоёр амралтын өдрийн өглөө унтуулахгүй, шуугилдаад гүйлдээд байдаг юм. Нэг өглөө нөгөө хоёр чинь түрүүлээд босчихсон, үймүүлээд л, би унтсан ч биш, унтаагүй ч биш сонсоод л хэвтээд байлаа. Цэлмүүн жүжигчилж тоглох дуртай, энэ удаад зөөгч болсон бололтой:
- Та өглөөний цайнд юу авах вэ?
Ирмүүн хариуд нь:
- Юу байгаан!!! Гэж чангаар асууна.
- Манайд алимны шүүс, жүржийн шүүс, гүзээлзгэний шүүс байна. (Манайд алимны шүүс л байгаа.)
- Ёотон авъя.
- За гэх нь сонсогдлоо.

Тэсэлгүй босоод иртэл Цэлмүүн дүүдээ өглөөний цай гээд таваг дүүрэн ёотон тавиад өгчихсөн байлаа.

Monday, May 26, 2014

Эрвээхий

Манай хоёр аавтайгаа ноцолдож тоглох дуртай. Аавыгаа байхгүйд ээжийгээ хөөцөлдье, зодолдоё, нуугдаж тоглоё гээд амраахгүй. Бид гурав харин зураг зурж, ном буддаг. 
Зураг будаж байгаад Цэлмүүн будгаараа Эрвээхий хийлээ.
Ирмүүн ч бас яаж дутах вэ, ээж ээ, би бас Эрвээхий хийлээ гэв.

Friday, May 16, 2014

Аав хүүхэд хоёр

Ирмүүн бид хоёр чиргүүлтэй ачааны машинаар тоглож байв. Том машиныг нь Ирмүүн авч, жижгийг нь би авлаа. Том машинтайгаараа Ирмүүн:

- Би аав нь шүү, за юу?
- За.
- Чи хүүхэд нь шүү, за юу?
- За.
- Ээж нь үхцэн шүү, за.
- O_o.


Бодвол үлгэрт ээж нь нас барсан, энэ тэр гэж гардгийг санасан юм шиг байна.

Wednesday, May 7, 2014

Охин уу, хүү юу?

Цэлмүүн:
-        Ээж ээ, би багадаа охин байсан уу, хүү байсан уу?
-        Миний охин чинь багадаа ч гэсэн охин байсан шүү дээ.
-        Манай ангийн зарим эрэгтэй хүүхдүүд багадаа охин байсан юм байна лээ. (Урт үстэй байсныг нь охин байсан гэж бодсон бололтой.)

Thursday, May 1, 2014

Хувцас хатаасан нь

Ирмүүн бид хоёр угаалгын машинаас хувцас гаргаж, хатаагчин дээр тохож байв.
- Үүнийг яах вэ гээд Ирмүүн нэг оймс барьчихсан зогсоно.
- Миний хүү, наадахаа хатаачих гэж би хурдхан хэлэв. 
(Ирмүүнээр туслалцуулан ямар нэгэн ажил хийж байгаа тохиолдолд юу хийхийг нь гялс хэлж тохиролцохгүй бол ажиллагаанд саад болж бусниулаад эхэлдэг талтай.)
Ирмүүн оймсоо хатаагчин дээр тохоод “Фүү-фүү” гээд үлээж гарав.