Pages

Monday, December 4, 2017

Шумуул 2

Шумуул чинь өрөвдмөөр амьтан юм байна лээ ш дээ. Өндгөө тэжээх гээд л цус сордог юм байна лээ.

Monday, November 27, 2017

Памперсан малгай

Ирмүүнд зун коршоокон малгай авч өгсөн юм. Тэгтэл нэг өглөө гадаа тоглохоор гарснаа хурц нар гарахад орж ирснээ:
- Ээж, миний памперсан малгай хаа байна? гэнээ.

Tuesday, November 14, 2017

Надтай гэрлээч

Хамаатны хүүхдүүд нийлээд гадаа тоглож байв. Тэгтэл Ирмүүн гэнэт яг л кинонд гардаг шиг нэг өвдгөө бохирч, сөгдөж суугаад үеэл охиныг "Надтай гэрлээч" гээд гараа сунгав. Тэгээд бөгж өгөх гэж байгаа юм шиг гараа дэлгэсэн чинь юу байсан гээч.... Царцаа... Том болоод ингэвэл ч найз охиндоо алуулах байх даа 👀.

Thursday, November 9, 2017

Найз

Ирмүүн зунжингаа байрныхаа найзуудтай гадаа тоглов. Тэднээс нэгэнтэй нь илүү найзаллаа. Тэгээд хэлсэн нь:
"Tobias миний хамгийн сайн найз, бусад нь арай хайр муутай найзууд."

Tuesday, October 31, 2017

Хурцдах вий дээ

Э: Наадах чинь хурцдах вий дээ (гэдэс чинь өвдөх вий дээ)
И: Зүгээр ээ, би цэцэрлэг дээрээ хурцдаж байсан. Яагаа ч гүй.

Sunday, October 8, 2017

Сувдын нар хаана байдаг вэ?

Ирмүүн, Цэлмүүн хоёр өвөө эмээгийндээ зочлохоор боллоо.
Эмээ: Та хоёрыг ирэхээр манай Сувдын нар нь гарах байх даа гэтэл
И: Сувдын нар нь хаана байдаг юм бэ? гэв. Нээрээ л нар гарах гэдэг хэлц үгийг мэдэхгүй бол тэгэж л асуух байх даа.

Monday, October 2, 2017

Би дүрстэй юу?

Э: Энэ яасан дүрсгүй хүүхэд вэ? гэтэл
И: Би дүрстэй юу? гэхийн.

Monday, September 25, 2017

Манай эмээ чихэр ид ид гэдэг

Цэлмүүн чихрэнд нилээд хойно ороод хүчтэй дурлаж байсан юм. 3, 4 настай байхдаа жижиг өвөөгийндөө зочилж очив. Эмээ нь чихэр идүүлэхгүй гээд чихрийн тавгаа дээш нь тавьчихаж л дээ. Тэгтэл Цэлмүүн олж харчихаад чихэр идчих санаатай:
"Манай том эмээ намайг очихоор чихэр ид ид гээд байдгийн шд" гэсэн гэнэ. Бас том, жижиг эмээгээ өрсөлдүүлж байгаад чихэр олоод идчих заль байнаа байна.

Monday, September 18, 2017

Хайч, чулуу, даавуу

1 хоногтой бяцхан дүү эмнэлгээс ирэв. Ирмүүн дүүгээ шохоорхон тоглочих гэж үзнэ.
Э: Дүү нь жаахан ш дээ, чамтай тоглож чадахгүй.
И: Үгүй ээ, чадна ш дээ. Хайч, чулуу, даавуу... хайч, чулуу, даавуу гэснээ "Ээж ээ, дүү надтай тоглоод байна, чулуу гаргаад байна" гэв. Хартал нээрээ л дүү нь гараа байдгаараа атгачихсан унтаж байлаа.

Saturday, September 9, 2017

Цус ойртолт

Ирмүүн Нинжин дүүтэйгээ суунаа гэхээр нь ах дүү хоёр гэрлэдэггүй, хүүхэд нь өвчтэй төрдөг гэж ярьж байсан юм. Тэрийг Ирмүүн бодоод л яваад байсан бололтой, хэзээ хойно нэг өдөр шалгааж гарлаа. 
И: Цус ойртохоор өвчтэй хүүхэд төрдөг гэсэн тээ? Бүр хэзээ ч эдгэдэггүй өвчтэй гэсэн тээ? Үхэхээр нь эдгэх болов уу? Үхсэн хойноо ч гэсэн өвчтэй байх уу?

Monday, September 4, 2017

Оршуулга

Ирмүүн үхэл, оршуулга гэх мэт ойлголтыг бүрэн ухахгүй, их асуунаа.
И: Аав, ээжийг үхээд оршуулахаар нь би бас цуг ороод хэвтчихнээ. 
Э: Болохгүй шдээ...гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.
И: Яагаад? Яадийн? Аав ээж нь тэнгэр рүү яваад би газарт (доор) үлдчих юм уу?
Уул нь хөөрхий, аав ээжтэйгээ цугтаа байчих гээд байгаа бололтой..

Thursday, August 31, 2017

Манай эхнэрийг үхвэл...

ИрмүүнТаныг үхвэл би лав уйлнаа. Намайг үхвэл та уйлах уу?
Э: Уйлалгүй яахав.
И: Манай эхнэрийг үхвэл та арай жоохон уйлах байх тээ?
Э: o_0

Friday, August 25, 2017

Нохойны гэр бүл

Ирмүүн, Нинжин бид 3 цэцэрлэгээс харьж явав. Гудамжинд хэдэн золбин нохой гүйлдэнэ. 
И: Ээж ээ, нохой чинь том болохоороо өөрөө л амьдардаг тээ, амьдралаа зохиодог тээ?
Э: Юу гэсэн үг вэ? гэж тодруулж асуулаа.
И: Өөрөө биеэ даагаад л, гэр бүлтэй болоод л, амьдраад явдаг.
Э: Тийм ээ, тийм.
Н: Бас тэгээд гэрлэдэг.
И: Үгүй ээ, нохой гэрлэдэггүй юм (хурим хийхийг хэлээд байгаа бололтой). Зүгээр л эрэгтэй эмэгтэй нохойнууд хоёулаа гэр бүл болох уу гэж нохойны хэлээрээ яриад л суучихдаг юм. 

Saturday, August 12, 2017

Хүн болмоор байна

И: Ээж, би том болоод хүн болмоор байх юм.
Э: ?
И: Ажилд явдаг хүн болмоор байна.

Sunday, August 6, 2017

Татах хүч

Ирмүүн татах хүчийг их сонирхдог юм. Нэг өдөр ингэж асуув.
- Хүмүүс (өөр) гариг дээр очоод, уяаг газарт уяж байгаад, нөгөө үзүүрийг нь машины ардаас тогтоож байгаад нар руу шидвэл яах вэ? Гариг нар руу явах уу?

Friday, August 4, 2017

Гэр

Товч гэртэй тээ? Товчны гэр товчны нүх.. Хөлний гэр оймс.. Гарны гэр бээлий...

Sunday, July 30, 2017

Нас

Ирмүүн аавынхаа дүү, авга ахаасаа асуув.
И: Та хэдтэй вэ?
А: 32-той.
И: Манай аавыг гүйцэх гэж байгаа юм байна шд.

Monday, July 17, 2017

Зочин

Ирмүүн Цэлмүүн хоёр авга ахындаа зочлохоор болов.
Э: За, миний хүү очиж ахынхыгаа жаахан буулгах нь дээ.
И: Үгүй ээ, зөндөө буулгана.

Wednesday, June 21, 2017

Шинэ линк

Гурван мүүнтэй болсон юм чинь удахгүй шинэ линк рүү шилжинэ ээ.

www.3muuns.blogspot.com гээд.

Thursday, June 15, 2017

Хүүхэд хэдэн настай төрдөг вэ?

Ирмүүн, Цэлмүүн хоёр дүүтэй болсон. Дүү нь гэдсэнд байхад Ирмүүн
И: Хүүхэд төрөхдөө хэдэн настай байх вэ? гэж асуухад 
Э: Насгүй гэж хариуллаа.
********
Хэсэг хугацааны дараа
И: Дүү одоо хэдэн сартай байгаа билээ?
Э: Дөрөв хэмээн гэнэгүй хариуллаа. 
И: Хүүхэд хэдэн сар болоод төрдөг ийн?
Э: 10
И: Тэгвэл хүүхэд төрөхдөө 11 сартай байх юм байна гэхэд нээрээ л тийм дээ гэж бодогдлоо. 

Thursday, May 18, 2017

Хүннү

Бид Хүннүд явж байв.
Ирмүүн: Ээж, энд хүн ихтэй болохоор Хүннү гэж нэрлэсэн тээ...

Tuesday, May 2, 2017

Өндөр халуураад

Цэлмүүн: Ээж, манай ангийн хүүхэд өчигдөр халуурсан шд. Аймаар өндөр халуураад, бүр хатгаа авч хүрэхээр халуурсан. 

Wednesday, April 26, 2017

Монгол улс

Онгоц, машин, танк гээд л юу ч байсан хараад л Ирмүүн
-Энийг Монголчууд хийж чадах уу? гээд л асуудаг болсон.
-Үгүй ээ, энд тэнд хийдэг, тэгээд Монгол руу авчирдаг гэж хариулахаар их дургүй... "Миний хүү том болоод үүнийг Монголдоо хийдэг болоорой, за"гэнэ.
- Тэгнээ л гэнэ.
----------
- Манайх энэ автобусыг хийдэг тээ?
- Үгүй.
- Тэгвэл хэн хийсийн?
- Солонгосчууд хийсэн, хэрэглэхээ болиод манайд өгсийн.
- Өрөвдөөд өгсийм байх даа гэснээ "Тэгвэл бид нар бас Солонгосчуудыг өрөвдөөд юм өгдөг байх тээ" гэлээ. Бас нэг улс байна даа, адилхан эн зэрэгцчих гээд байгаа бололтой.
Монгол улс, Чингис хаан гэсэн бахархал уул нь сэтгэлд нь яваад байгаа юм. Даанч бидэнд хийдэг, чаддаг юм цөөхөн. Үүнд Ирмүүний сэтгэл дундуур явдаг юм билээ хөөрхий.

Saturday, April 15, 2017

Улсын килограм

Ирмүүн: Ээж ээ, дэлхийд улсын килограм гэж байдаг уу?
Ээж: Байдаг, улсын филормани гэж байдаг.
И: Аан, тэнд чинь манайх шинэ жилээ хийх гэж байгаа шд.

Friday, April 7, 2017

10, 10-аар хөгшрөөд

Ирмүүн: Эмээ би танд машин авч өгнөө. Улаан өнгөтэй, дээвэргүй машин. Та тэгээд унаад давхиарай.
*******
Хэд хоногийн дараа
И: Эмээ, би ер нь 10, 10 жилээр хөгшрөөд танд машин авч өгөхгүй бол авч өгч амжихгүй, та үхчих юм шиг байнаа..

Tuesday, February 28, 2017

Цэцэг тавинаа

Нөгөө эмээтэйгээ өвөл гадаа явж байв. Ирмүүн л болсон хойно яаж зүгээр байх вэ, чирээд гүйх гэж гэнэ.
- Ирмүүн ээ, эмээгээ битгий чир ээ.
- Та гүйж чадахгүй байгаа юм уу?
- Эмээ нь хөгшин юм чинь хөл нь өвдөөд гүйж чадахгүй шд.
- Би том болж байгаад танд гоё таяг авч өгнөө, та тэгээд гүйгээрэй. ( Эмээ нь уул нь таяг тулахаар хөгшин, хөл муутай биш л дээ, асуудалгүй өндөр өсгийт өмсөөд яваад байдаг юм.)
Тэгээд явж байснаа бүр том амлалт өгсөн нь
- Эмээ, би таныг үхэхээр оршуулган дээр чинь цэцэг тавьж байна аа, за.

Tuesday, February 14, 2017

Амлалт

Ирмүүн хүмүүст том том бэлэг их амланаа.

- Эмээ, би том болоод танд гоё улаан машин авч өгнөө за л гэнэ. Тэгэж байснаа "Ер нь би 10, 10-аар хөгшрөхгүй бол том болж амжихгүй, таныг үхэхээс өмнө машин авч өгч амжихгүй юм байна дөө" гэнэ.

Wednesday, February 1, 2017

Найз нөхөд

Ирмүүний ярианаас
Найз нөхөд гэдэг чинь чадахгүй юмандаа бие биендээ тусалдаг, уурладаггүй, сайн хүмүүс байдаг гээд л сүрхий ярьж байснаа “бас нэгнийхээ хөнжлийг татдаггүй, тоглож байж уйлдаггүй” гээд л яваад өгөв өө.

Tuesday, January 17, 2017

Гахай

Гахай заримдаа олон торой төрүүлээд, буцаагаад идчихдэг гэсэн гэж ярьж өглөө. Тэгтэл Ирмүүн:
- Сар нь болоогүй байхаар (сарыг нь гүйцээх гээд) тэгдэг юм болов уу? гэнээ.

Wednesday, January 4, 2017

2017 оны хүсэл

Ирмүүн Цэлмүүн хоёр өвөөгийндөө очоод, тэдний хотхоны гацуур дээр очиж хүслээ шивнэжээ. Ирмүүний хүсэл гэтэл "2017 онд өөртэйгөө адилхан хөөрхөн, нийлж сахилгагүйтэйх эрэгтэй дүүтэй болмоор байна" гэнээ.