Pages

Wednesday, December 25, 2013

Цасан хүн

Цэлмүүний цасан хүнийг таа даа!

Таасан уу? Аль нь хамгийн завгүй харагдаж байна?
Тэр баахан охидоор тойруулсан цасан хүн Цэлмүүнийх байлаа.

Tuesday, December 24, 2013

Тэнгэр хөдөлдөг үү?

Амралтын өдөр гэртээ Hours гэдэг кино үзсэн. Нэгэн залуугийн эхнэр эмнэлэгт хүүхдээ дутуу төрүүлээд нас баржээ. Гэтэл тэр үеэр Катрина хар шуурга болж таараад хүмүүсийг эмнэлгээс нүүлгэн шилжүүлж байв. Харин мөнөөх залуу инкубаторт байгаа хүүхдээ сахин эмнэлэгтээ ганцаар шахуу үлдэнэ. Тэр хоёрын эмнэлэгт өнгөрүүлсэн минут, хором бүрт хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигэнэж байлаа.

Киноны туршид Цэлмүүн, Ирмүүн хоёр хэл ам сугалчих гээд кино тайван үзүүлсэнгүй. Цэлмүүн юу асууна, тэрийг Ирмүүн давтаж асуун би киноны үйл явдлыг синхроноор тайлбарлан орчуулж байлаа. :)

Энэ киноноос хойш Цэлмүүн далайн шуурга, газар хөдлөлтийн талаар сонирхох болж, мэддэг улс гүрэн, газар болгоныхоо талаар лавлаж асуудаг боллоо.
Ц: Ээж, Орост газар хөдөлдөг үү? гэж асуухад
Э: Хөдөлдөг гэтэл Ирмүүн
И: Ээж, Орост тэнгэр хөдөлдөг үү?

Жич: Гоё кино байна лээ.

Tuesday, December 17, 2013

Цэлмүүнийн цэцэрлэгийн амьдралаас

Цэлмүүн үг хэлний хөгжил сайн, багшийнх нь хэлснээр leader, ангидаа оролцохгүй, хийхгүй, чадахгүй зүйлгүй. Шинэ Жилийн Концертонд Үнсгэлжиний дүрд тоглохоор болсон.
Эрүүл болон өвчтэй шүдний ялгаа

Tuesday, December 3, 2013

Ирмүүний бүтээлээс

Манай хоёр Гурван Хөгжил гэдэг хувийн цэцэрлэгт сурдаг. Эднийх preschool.mn сайтаар дамжуулан хүүхдүүдийн ангидаа хийсэн зүйлсийг хуваалцдаг нь үнэхээр таалагддаг.
Наамал баавгай.

Алим будсан нь.
 

Wednesday, November 27, 2013

Сансарт явнаа

Өглөө цэцэрлэгтээ очих замд ийм яриа өрнөв.

-          Ээж ээ, намайг 5 нас хүрэхээр, Ирмүүнийг 3 нас хүрэхээр бид хоерыг сансарт явуулаад өгөөч.
-          Сансар чинь их хол, онгоцоор яваад ч хүрч чадахгүй, пуужингаар л явж болно. Дэлхий дээрх зөндөө олон хүнээс цөөхөн хүн сансарт нисэж байсан. Ээж нь явж үзээгүй, бас хүүхдүүдийг явуулдаггүй. Миний хүүхдүүд том болохоороо сансарт нисээрэй за гэхчлэн би дэлгэрэнгүй тайлбарлаж гарлаа. Тэгсэн чинь өөдөөс:
-          Тэгвэл Уянга аниа яагаад Сансарт явж байна гээд яриад байсан юм гэдэг байгаа!

Цэлмүүний очихыг хүссэн сансар нь огторгуйн сансар биш, манай Сансар хороолол болж таарлаа.
 

Thursday, November 14, 2013

Арван Үүдэрман

Ирмүүний хэлэх дуртай тоо 10. Тоотой холбоотой асуултын ихэнхэд 10 гэж хариулна.
- Цаг хэд болж байна?
- Арван цаг болж байна.

Орой ирээд бүгдээрээ хувцсаа сольж байхад харчихаад:
- Ээжээ, эрхлэе гэдэг нь тэврэлдээд хэвтье гэж байгаан.
- За ганц эрхэлчихье гэхээр
- Үгүй ээ, арав эрхлэе гэнэ.

Тоо тоолохоороо:
 - Нэг, хоёрын, гурваа, таваа, арав, арван нэг, арван хоёр...

Кремтэй талханд их дуртай.
- Арван талх идье.

- Ээж ээ, үлгэр яриад өгөөч.
- За тэгье.
- Арван мангастай, арван үүдэрмантай үлгэр яриарай.
Ирмүүн Суперманыг Үүдэрман гэдийн, хичнээн засаж хэлээд нэмэр болоогүй, үгүй, Үүдэрман гэдэг гэж гүрийгээд...