Pages

Wednesday, December 23, 2015

Та тоглож байсан

Манай Ирмүүний хэл ам нь гүйцэгдэхгүй ээ, ер нь их заргач. Логиктой, логикгүй үзэж гарна. Аав нь Ирмүүнийг тоглоомоо хураа, одоо унт гэв.
- Би тогломоор байна ш д.
- Одоо орой болчихсон байна, унт.
- Та ч гэсэн (орой болчихсон байхад) тоглодог л биз дээ.
- Хэзээ би тоглож байсийн... 
- Худлаа ярь. Би ээжийн гэдсэнд байхдаа гэдсийг нь цоолоод харсан чинь та тоглож байсан. 

Sunday, December 13, 2015

Өргөст хэмхийн түүх

Цэлмүүн нэг, хоёр настай байхдаа гарт тааралдсан юмаа тэврээд л, бүүвэйлээд явдаг байсан юм. Нэг өдөр уртаа гэгчийн өргөст хэмх алчууранд ороогоод тэвэрчихсэн, бүүвэй бүүвэй гэчихсэн явж байв. Тэгэж яваад өргөст хэмхээ нэг газар тавьчихсан байсныг нэг нь олоод хугалаад нэг хазчихжээ. Цэлмүүн мэдчихээд "Миний хүүхдийн толгойг идсэн байна" гээд, өнөөх нь "Танай хүүхэд байсныг мэдсэнгүй" хэмээн бөөн л уйлаан майлаан болов.
Тэгэж байгаад нэг хартал Цэлмүүн өнөөх хоёр хугархайгаа хоёр талдаа тэвэрчихсэн, ихэр хүүхэдтэй гэчихсэн явж байв.

Saturday, December 5, 2015

Одноос ирсэн ...

Бид хэд хүүхэлдэйн театрт "Одноос ирсэн ханхүү" жүжиг үзэв. Эхлэх цагаа хүлээнгээ тэр хавиар байгаа жүжгийн зурагт хуудсууд дээр юу бичсэнийг надаар уншуулж байв.  Одноос ирсэн ханхүү, доголон шаазгай, долоон одой гэхчлэн...
Орой нь гэртээ ирээд Ирмүүнээс ямар жүжиг үзлээ гэж асуутал "Одноос ирсэн доголон шаазгай" гэдэг юм даа.