Pages

Wednesday, December 21, 2016

Нурууны бөх

Ёоо ёоо ээжээ, та миний нурууны бөхийг өвтгөчихлөө гэхээр нь хартал Ирмүүн далаа заав.

Monday, December 19, 2016

Би чихмэл

Ээж: Ёоо, Ирмүүн ээээ. Ноолохоо болиоч ээ. Нээх хатуу гартай шд.
И: Би тэгвэл хатуу, чулуу юм байна л даа. Аниа тэгвэл зөөлхөн даавуу юм байна.
Ц: Үгүй ээ, би даавуу биш. Би чихмэл. :D

Sunday, November 27, 2016

Дуу багасгадаг товчлуур

Ирмүүн Цэлмүүн хоёр том болоод үзэл бодол, санаа нийлэхгүй асуудал нилээд гардаг болсон. Цэлмүүн зөрүүд талдаа, Ирмүүн дуу чангатай, бас дээрээс нь бэлэн цэцэн үгтэйг ч хэлэх үү.
Ц: Ирмүүн битгий чанга орилоод бай, дуугаа багасга.
И: Миний дуу багасдаггүй шд, надад дуу багасгадаг юм байхгүй шд. Тэр хараач, миний аманд тийм юм байхгүй л байгаа биз дээ гэв.

Tuesday, November 15, 2016

Хулгана болохгүй

Ирмүүний цэцэрлэг үлгэрээр жүжиг тавихаар болж, Ирмүүн тэнэг бяцхан хулганы дүрд тоглохоор боллоо. Хэлэх үгээ цээжилчихсэн, овоо уншаад л гүйгээд байснаа гэнэт дургүй болчихов.
Яагаад хулгана болох дургүй болсон учрыг асуутал "Хулгана болохоор багш сүүлээ хөдөлгө гээд байдаг" гэнээ, бодвол сүүлээ/бөгсөө хөдөлгөхөөр хүүхдүүд шоолоод байдаг ч юм уу, ичдэг бололтой.

Wednesday, November 2, 2016

Шумуул

Ирмүүний хацар дээр улаан толбо шиг юм гарчихсан, арьс нь их хуурайшчээ.
Э: Энэ чинь яачихсан юм бэ? Хорсож байна уу?
И: Шумуул хазчихсан.
Э: Өнөөдөр үү? Шумуул одоо байхгүй шд.  (11 сар гараад байлаа.)
И: Сүүлчийн шумуул байсан байхгүй юу. (Бас бэлэн цэцэн үгтэй нөхөр шүү.) Ингээд л удаан нисч байсийн. Тэгэхээр нь очоод харсан чинь өө гээд л хазчихсан.

Sunday, October 23, 2016

Яаж гэрлэнэ ээ

Ирмүүн: Аав аа, та жаахан байхдаа том болоод яаж гэрлэнээ гэж боддог байсан уу? гэв. Манай хүн ямар эхнэртэй болноо, яаж гэрлэнээ гэж их боддог бололтой.

Tuesday, October 11, 2016

Хэдэн литр явах вэ?

Ирмүүн хэмжүүрийн нэгжүүдийг хооронд нь холиод л, одоогоор учрыг нь олоогүй л байгаа.
- Одоо хэдэн литр хурдтай явж байна?
- Би хүнд байна уу, хэдэн литр байна вэ?
- Энэ хэдэн метр сүү вэ?
- Одоо хэдэн литр яваад очих вэ?

Tuesday, October 4, 2016

Бурхны гар

Аав: Бурхан үймүүлээд байгаа хүүхдүүдийн хонжигыг ташиж байгаа гэж гар өгсөн шд.
Ирмүүн: Тэгвэл таны гар бурхны дамжуулагч гар юм байна даа.

Thursday, September 8, 2016

Дэмийрэл

Хүүхэд халуурахаараа жаахан дэмийрээд элдэв юм яриад байдаг даа. Ирмүүний хоолой өвдөж халуураад жаахан дэмийрэв.
- Ээж ээ, эмээ нар урт мээмтэй, ээж нар том мээмтэй, харин хүүхэд, эрэгтэй хүн жижигхэн мээмтэй байдаг тээ.
**********
Хими цэвэрлэгээний газраас хүн хүргэлт хийж таарлаа. Тэгээд "Түрүүний дутуу мөнгө тэд, өнөөдрийнх тэд, та сая надад тэдийг өгсөн, би танд тэдийг өгөх юм байна" гэхчлэн бяцхан тооцоо хийв. Тэгтэл Ирмүүн сонсчихоод
- Энэ аниа ямар шуналтай юм бэ тээ, таны хамаг мөнгийг авах гээд байх ийн гэнээ.

Wednesday, August 31, 2016

Мухар сүсэг

Цэлмүүнтэй утсаар ярьж байв.
Ц: Ээж, би ихэнх хараалыг мэднэ шд, одоо ганцхан хараал сурчихвал хамгийн мундаг нь боллоо.
Э: Юу гэнээ?
Ц: Ээж, би зөндөө хараал сурсан.
Э: Ямар хараал?!!
Ц: Унтахдаа толинд харж болохгүй, орондоо дуулж болохгүй гээд л...
Э: Орондоо дуулж болохгүй гэдэг хараал юм уу?
Ц: Биш юм уу? Тэгээд юу юм бэ?
Э: Мухар сүсэг!
Ц: Юу гэнээ? гээд утасны цаанаас хэд хэд давтаж асуув. "Мухар сүсэг гэж юу гэсэн үг ийн?"
Э: Худлаа юманд итгэхийг хэлдэг юм аа гэж залхталаа тайлбарлах гэж оролдлоо. Эцэст нь Цэлмүүн ойлгосон бололтой:
Ц: Аан, мухар сүсэг чинь тийм юм бол орондоо дуулж болох юм байна, тээ гэнээ.
...........
Тэгтэл Ирмүүн цаанаас орж ирэв.
И: Ээж, та надтай ярихгүйгээр баяртай гэчихэж байгаа юм уу?
Э: За ярья л даа.
И: Мухар сүрдэм гэж юу гэж байгаан?

Tuesday, August 16, 2016

Хамтын хүчээр

Цэлмүүний хичээлийг хийлгэж байв. Хамтын хүчээр гэдэг сэдэв гарч ирлээ.
Э: Хамтын хүчээр юу юу хийдэг вэ?
Ц: Аан, юм оёдог....
Э: Юу ч байж болно шдээ, бүх л юмийг хамтын хүчээр хийж болдог гээд бид хоёрыг ярьж байтал Ирмүүн дундуур орж ирэв.
И: Би хэлье, би хэлье. Цай уудаг, бас хүүхэд төрүүлдэг.
Э: o_0
И: Тэгдэг шдээ, эмч нар хүүхэд төрүүлдэг шд.

Monday, August 8, 2016

Аав яагаад...

Аав яагаад бид нар бүгдээрээ адилхан нэг амтай байхад өөрийнхөө аманд хоёр чихэр хийгээд бид нарын аманд ганцханыг хийгээд байдаг юм бол?

Monday, August 1, 2016

Surprise

"Ээж ээ, та нааш ир. Би танд сюрприз бэлдлээ" гэж Ирмүүн угаалгын өрөөнөөс дуудлаа. Очоод хартал угаалтуурыг оймсоороо бөглөөд усаар дүүргэжээ. Тэгээд "би ялаануудад уух ус бэлдлээ" гэнээ.

Saturday, July 2, 2016

Хогийн сав

Би хогийн саван дээр  хөлөө тэгнүүлж тавиад зурагт үзээд сууж байв.
Ирмүүн ирээд 
- Хөлөө ингэж тавьж болохгүй гээд хогийн сав аваад явчихав. Овоо хогийн савыг хогийнх гэж мэддэг, юмийг зориулалтаар ашиглах ёстойг мэддэг болж дээ гэж бодоод 
- Яагаад гэж асуутал 
- Хөлөө хаячихна ш д гэнээ.

Thursday, June 16, 2016

Ирмүүний ярианаас

- Аварга загас гулсуураар гулгавал онхолдох байх даа тээ...
**********
- Далайг усанд давс хийж хийдэг тээ, далай чинь давстай байх ёстой юм чинь
**********
- Тагтаа мэдрэл сайтай, ойртохлоор л нисээд явчихдаг..

Saturday, June 4, 2016

Би том болоод

Ирмүүн
- Би том болоод Терекс (үлэг гүрвэл) болно.
- Би том болоод халим болноо. Халим цагдаа болно. Хүмүүс хэрэг тариад байвал амаа ангайгаад л идчихнэ.

*******************
- Би том болоод 2 машин, 2 робот болно. Нэг нь хогны машин болно, хог зөөдөг машин. Хог зөөдөг робот машин. Яриулаад байсан чинь Wall-E болж таарав.

Wednesday, May 25, 2016

Хамгийн баасанхай хэн бэ?

Ирмүүн цэцэрлэг дээрээ аливаа юмсыг харьцуулах тухай үзсэн юм шиг байгаан, юм болгоныг харьцуулна. Хоёр ширхэг харандаа байсан ч барьчихаад л би чамаас асуулт асууя, энэ хоёрын аль нь том бэ? гэнэ. Хариулахаар одоо тэгвэл аль нь жижигхэн бэ ч гэх шиг.
Нэг хэсэг хамгийн, хамгийн асуултаар булууллаа, тэгээд л хариулж чадахгүй бол би хэлье гээд л, өөрөө мэддэг байж надаас асуугаад байдгийг бодоход намайг л шалгаад байдаг бололтой. :P
И: Дэлхийн хамгийн ухаантай хэн бэ?
Э: Мэдэхгүй.
И: Ирмүүн.

И: Тэгвэл хамгийн нусанхай хэн бэ?
Э: Ирмүүн
И: Үгүй, ээж. (би ханиад хүрчихсэн байлуу даа.)

И: Хамгийн баасанхай хэн бэ?
Э: Ирмүүн.
И: Үгүй, цагаан эрвээхэй.

Wednesday, May 18, 2016

Зүүд

Ирмүүн нэг өглөө
-Ээж, би аймаар зүүд зүүдэлсэн гэсээр босч ирэв.
-Ямар зүүд?
-Би гэрээсээ төөрчихсөн байна гэж зүүдэлсэн.
-Нээрээ аймаар зүүд байна. Чи нээрээ төөрчихвөл яах вэ? гэж амьхандаа яахыг нь мэдчих санаатай асуув.
-Аааааайн (гоншгонов.) Та намайг  төөрүүлмээр байгаам уу????
-Үгүй ээ, зүгээр төөрвөл чи яах вэ?
-Та намайг төөрүүлмээр байгаам уууу???

Monday, May 9, 2016

Ямар их гэр бүлтэйм бэ?

Ирмүүн Цэлмүүн хор дөрвөн хүүхэдтэй ахынхантайгаа цуг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалав. Хэсэг явж байснаа Ирмүүн:
- Хүмүүс таныг ямар их гэр бүлтэйм бэ гэж бодож байгаа байх даа тээ? гэв.

Saturday, April 30, 2016

Логик

Радиогоор нэг дуу явлаа, Цэлмүүн
- Энэ Содура киноны дуу байна. (Дээр үед өвөө эмээтэйгээ цуг зурагтаар Содура үзэж байлаа.)
- Миний охин яасан сайн ойтой юм бэ?
- Би нээрээ ингэсийн шд.
- За.
- Би дээр үхрийн нүд түүх гэж байгаад халгайд хөлөө түлчихсэн байхгүй юу, тэгсэн чинь Амила миний хөлөн дээр шээсийн. Тэгсэн чинь шээс нь аягүй халуун байсан шд.
- Тэгээд?
- Тэгээд л тэр.
- o_0!!!

Thursday, April 7, 2016

Пуухад туслав

Пуух зөгийтэй тулалгүйгээр зөгийн баландаа хүрэх ёстой юм байна л даа. Тэгтэл яагаад ч юм, энд тийм хувилбар байсангүй, би лав олсонгүй. Тэгэнгүүт Ирмүүн тэр доод булангийн зөгийг тусгаарлаж, хана зурж байгаад ямар ч гэсэн Пуухыг баланд нь хүргэж орхилоо.

Friday, April 1, 2016

Санхүүгийн мэдлэг

Ирмүүн том төгөлдөр хуур нэхэв.
А: Мөнгөтэй болохоороо авч өгье.
И: Хэд хэрэгтэй байдаг юм бэ?
А: 6 сая.
И: Танд байхгүй юм уу?
А: Байхгүй.
Тэгтэл Цэлмүүн яриан дундуур орж ирэв.
Ц: Тэгвэл 7 сая байгаа юу? Аав нь тоглоод
А: Байгаа.
Ц: Тэгвэл худалдагчид нь долоон саяыг өгье гэж гуйж байгаад авчихъя л даа.

Цэлмүүн уул нь математикаа торохгүй хийгээд л байдаг юм, гэтэл санхүүгийн мэдлэг үнэн 0 байлаа.

Tuesday, March 15, 2016

Мэлхий хүрээлэн

- Мэлхий хүрээлэн гэж байдаг уу?
- Хммммм.....
- Мэлхий хүрээлэн! Яагаав, бид нар очиж байсан шд.
- Ямар газар байлаа?
- Мэлхий хадтай Мэлхий хүрээлэн!
- Аан, Тэрэлж үү? Тэр газрыг чинь Тэрэлж гэдэг байхгүй юу.
- Аан, гэхдээ Мэлхий хүрээлэн гэж байдаг уу?

Thursday, March 10, 2016

Замаа зассан нь

Өглөө хувцсаа өмсөхгүй удсанаас болж аав нь Цэлмүүнийг зэмлэв. Эрхлээд удаад байсан Ирмүүн дараагийн зэмлүүлэх хүн нь өөрөө болж магадгүйг мэдээд худлаа инээгээд л,
- Аав аа, таныг ингээд хүн загнахаар би бас загнуулчих болов уу гээд айгаад байдгийн шд гэж замаа засав.

Wednesday, February 3, 2016

Ямбай...

Буддаг ном будаж суулаа.
Цэлмүүн: Ээж ээ, би гоё ямбай будаж байгаа биз? (нямбай гэж хэлж байгаа нь тэр, нэг тиймэрхүү үг байна гэж тогтоосон бололтой.)
Ирмүүн: Би бас гоё ямбай будаж байгаа биз? (Цэлмүүн юу хэлнэ, хийнэ, дуурайна.)
Нинжин: Би бас гоё тийм будаж байгаа биз.... (Сайн чадахгүй ч байсан бас дуурайна.)

Wednesday, January 20, 2016

Хайр аа, хоёулаа гэрлэх үү?

Хайр аа, хоёулаа гэрлэх үү? гэж Ирмүүн нэг хэсэг Цэлмүүн бид хоёрыг залхаав ш дээ. Эмэгтэй хүнтэй гэрлэхээ мэдээд байгаа юм аа, аавыгаа тэгэхгүй, бид хоёрыг эргүүлдэнэ.
- Гэрлэнэ гэж яадаг юм бэ?
-Уруул дээр чинь үнсье гэх юм. Цэцэрлэгээсээ сурсан бололтой.
Цэлмүүн бүр залхаад
- Ээж ээ, энэ Ирмүүнийг болиулаад өгөөч гэлээ.
- За тэгэж л байг даа, тэртэй тэргүй та хоёр гэрлэхгүй шд.
- Сонсохоор уур хүрээд, аягүй хэцүү, ядаргаатай байнаа гэнээ.
2015 оны 10 сар

Tuesday, January 12, 2016

Амьдаар мэдээлсэн нь

Цэлмүүн том болоод хөгжилтэй юм ярих нь багасчээ. Харин нэг тийм, ухсан, яагаад гэсэн ухаалаг асуултууд их асуух болсон, бас жаахан ааштай болсон.
Цэлмүүнтэй утсаар ярихад
- Миний охин юу хийж байна?
- Надтай тоглох хүн байхгүй байна, би энд ер нь байгаад яадийн. (Хэсэг байзнаснаа) Би утсаар ярьж байна, Ирмүүн тоглож байна, өвөө зурагт үзэж байна. Өвөө зурагт яг үзээд ч байгаам уу, би мэдэхгүй байна хэмээн нэг амьсгаагаар үргэлжлүүлэн ярьж гарлаа.

Thursday, January 7, 2016

Скочдсон нь

Ирмүүн Цэлмүүн хоёрыг машинд суулгаад Эрдэнэт рүү явууллаа. Цэлмүүн машинд удаан явахаар бөөлждөг талтай. Хэсэг яваад Цэлмүүн бөөлжөөд байсанд авч явж байсан ах эгч хоёр Цэлмүүний хүйсэн дээр наах санаатай скоч гаргаж ирж гэнэ. (Хүйсэн дээр скоч наахаар бөөлждөггүй гэдэг юм, би ерөөсөө итгэдэггүй юм.) Тэгтэл Ирмүүн сандран
- Яах гэж байгаа юм бэ? Яах гэж байгаа юм бэ? Амыг нь скочдох гэж байгаа юм уу? гэсэн гэнэ. Эгчийг нь бөөлжөөд байхаар амыг нь скочдох гэж байна хэмээн санаа нь зовсон бололтой.