Pages

Wednesday, April 20, 2011

Салхин цэцэгтсэн нь

Цэлмүүний гэдсэн дээр өчигдөр нэг шалбархай байсныг урчихсан юм байх гэж бодоод өнгөртөл үгүй, салхин цэцэг туссан болж таарлаа. Өглөө биеэр нь юм туураад эхэлчихэж, өдөр бага зэрэг бүлээнтэй байв. Арга ч үгүй байх, 2 долоо хоногийн өмнө манай хүүхэд хардаг охин салхин цэцэг тусаад гэртээ 7 хоноод ирсэн юм. Бас өнгөрсөн долоо хоногт манайд ирсэн Цэлмүүний үеэл маргааш өдөр нь салхин цэцэг туссан нь илэрсэн. 

Wednesday, March 23, 2011

Дүүтэй боллоо

2011 оны 2 сарын 27-нд Ирмүүн хүү нарт хорвоод мэндэлж Цэлмүүн охин аниа боллоо.

Tuesday, January 18, 2011

Аавын охин

Манай охин аавынхаа улаан фэн. Бид хоёрыг гаднаас цугтаа орж ирэхээр аав аа гэж хашхирна, намайг орж ирэхээр аав хаачив гэж асууна. Гэртээ аавыгаа унаад л, 00 орсон ч үүдийг нь сахиад л салахгүй шүү дээ.
Өнгөрсөн долоо хоногт хүүхэлдэйн театрт "Ишиг хөөрхөн" гэж жүжиг үзсэн. Анх ороод их гайхаж байсан ч удалгүй жүжгэндээ ороод маш анхааралтайгаар, ангиараа яваа хүүхдүүдийн шуугилдахыг ч үл тоон үзсэн.
Жүжиг тараад аавынхаа ажлаар ороод гарахад цуг ажиллагсад нь Цэлмүүнийг ихэд өхөөрдсөн гэсэн. Хамгийн инээдтэй коммент гэвэл нэг хүн миний охиныг аавтайгаа адилхан юм, чих нь л ээжтэйгээ адилхан гэсэн, тэгэхээр би Дамбо шиг чихээрээ хүнд танигддаг нэгэн болж таарах нь ээ.

А үсэг

Цэлмүүн А үсэг мэддэг болсон. Өнгөрсөн долоо хоногт үзэг цаастай хааяа нөхөрлөж, муур нохой зуруулахын хажуугаар А, Б, В гээд үсэг бичээд давтан дуудуулж байсан юм. Тэгтэл өчигдөр би загварын сэтгүүл үзээд сууж байтал А, А гээд байхаар нь харсан чинь нээрээ томоор бичсэн А-г зааж байна. Ингээд л миний охин эрдэм ном сурч эхлэх нь дээ. :)
 Энэ зургийг 9 сарын 1 гэж нэрлэе.
2010.10.18
А үсэг  мэддэг болоод нилээд хугацаа өнгөрлөө. Одоо А, Л үсэг шиг хэлбэртэй юм харах болгондоо А гээд хашхирна. Хамгийн инээдтэй нь манай хүн хөлөө хол алцайлгаж зогсоод доошоо хараад А үсэг гэдэг болсон.
2010.12.07

Sunday, January 16, 2011

Мэд!!!

Цэлмүүний хэл ам сүүлийн үед гүйцэгдэхээ байлаа. Хөлөө жий, нуруу мааж, тэнд хэрээ майна, маамааг бүүвэйл л гэнэ.
Хөтөвчинд шээж, баагаад сурчихсан ч хааяа гэнэ алддаг талтай. Өчигдөр өмдөндөө шээгээд эмээ охин хоёрын хооронд ийм яриа өрнөжээ.
- Чи баба.
- Би гого.
- Аа мэдэхгүй.
- Мэд гэж охин чангаар хашхирав.

Sunday, December 19, 2010

Хумсаа будав

Цэлмүүн хумсны лак онгойлгоод хумсаа будаад сууж байв. Зураг зурдаг нарийхан хошуутай саатай лакаар нөгөө хэдэн могжгор хурууныхаа бяцхан хумснуудыг овоо олоод будчихсан, бас өнгөгүй лакаар давхарлах санаатай юм уу даа нээгээд энд тэндээ нялж байгаад үйлдэл дээрээ баригдлаа.
Манай охин үзэг балны хоббитой, хаана үзэг бал харагдана, будаг гээд шүүрээд авчихна. Тэгээд бариад явж байна. Тэгтэл миний айж байсан зүйл биеллээ олж жижиг өрөөний ханын цаасыг зургийн талбар болгосон байлаа.
Жижигхэн зүрх, цэцэгтэй стикерийг гэрээр нэг нааж өгч байнаа. Боодолтой Хужиртын усан дээр 2 зүрх, хаалга, миний утсан дээр цэцэг гээд л ургачих юм аа.

Monday, December 6, 2010

Эмнэлэгт хэвтсэн түүх

Хүүхэдтэй хүн бүрд хамгийн аймшигтай явдал бол хүүхэд өвдөх гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Манай охин анх цэцэрлэгт ормогцоо ханиад хүрээд эдгэсэн ч цээжиндээ багахан хэржигнүүртэй, хааяа нэгхэн ханиалгаж явсаар бараг 2 сар өнгөрлөө. Энэ хугацаанд өрхийн эмчид 2, цэцэрлэгийн эмчид өдөр бүр, төрсөн цагаас нь үзүүлсэн өөр нэг эмчид 2 удаа үзүүлж элдэв эм бичүүлж уусан ч бүрэн эдгэсэнгүй.

Tuesday, November 2, 2010

Ирээдүйн модель

Өнгөрсөн долоо хоногт Цэлмүүний цэцэрлэгийн ангид "Дүрслэх урлагийн нээлттэй хичээл"-д суух урилга ирсэн байсан. 2 нас ч хүрээгүй хүүхдийн дүрслэх урлагийн хичээл гээд бодохоор инээд ч хүрэх шиг, гэхдээ хөөрхийс минь насандаа таарсан юм хийгээд ангийнхаа гадаа өлгөчихсөн байдаг юм аа.
Аав, аниа хоёр нь очиж суусан чинь манай хүн анхаарал нь сарниад байн байн аав руугаа эргэж хараад олигтой юм хийгээгүй гэсэн. Бас овоо ярьдаг, үг хэлдэг болохоор нь багш нь байсхийгээд "Цэлмүүн ээ, энэ юу билээ?" гээд л өмд, гуталны зураг үзүүлэхээр мань хүн ирсэн аав ээжээс бишүүрхсэн үү, ганц ч үг дуугарахгүй байсан гэсэн. Манай охин яг цагаа тулахаар их аймхай, аавыгаа дуурайгаад хихи...
Амралтын өдрөөр бид гурав Их дэлгүүр ороод би юм хум үзэх санаатай, Цэлмүүний анхаарлыг сарниулах гээд хоёр хүүхэд моделийг зааж өгөөд эргээд харсан чинь ... манай охин нөгөө хоёр моделийн урд нь ташаагаа тулаад яг модель шиг зогсож байвал яах уу? Харамсалтай нь, торгон агшны зургийг авч амжсангүй.