Pages

Tuesday, January 18, 2011

Аавын охин

Манай охин аавынхаа улаан фэн. Бид хоёрыг гаднаас цугтаа орж ирэхээр аав аа гэж хашхирна, намайг орж ирэхээр аав хаачив гэж асууна. Гэртээ аавыгаа унаад л, 00 орсон ч үүдийг нь сахиад л салахгүй шүү дээ.
Өнгөрсөн долоо хоногт хүүхэлдэйн театрт "Ишиг хөөрхөн" гэж жүжиг үзсэн. Анх ороод их гайхаж байсан ч удалгүй жүжгэндээ ороод маш анхааралтайгаар, ангиараа яваа хүүхдүүдийн шуугилдахыг ч үл тоон үзсэн.
Жүжиг тараад аавынхаа ажлаар ороод гарахад цуг ажиллагсад нь Цэлмүүнийг ихэд өхөөрдсөн гэсэн. Хамгийн инээдтэй коммент гэвэл нэг хүн миний охиныг аавтайгаа адилхан юм, чих нь л ээжтэйгээ адилхан гэсэн, тэгэхээр би Дамбо шиг чихээрээ хүнд танигддаг нэгэн болж таарах нь ээ.

А үсэг

Цэлмүүн А үсэг мэддэг болсон. Өнгөрсөн долоо хоногт үзэг цаастай хааяа нөхөрлөж, муур нохой зуруулахын хажуугаар А, Б, В гээд үсэг бичээд давтан дуудуулж байсан юм. Тэгтэл өчигдөр би загварын сэтгүүл үзээд сууж байтал А, А гээд байхаар нь харсан чинь нээрээ томоор бичсэн А-г зааж байна. Ингээд л миний охин эрдэм ном сурч эхлэх нь дээ. :)
 Энэ зургийг 9 сарын 1 гэж нэрлэе.
2010.10.18
А үсэг  мэддэг болоод нилээд хугацаа өнгөрлөө. Одоо А, Л үсэг шиг хэлбэртэй юм харах болгондоо А гээд хашхирна. Хамгийн инээдтэй нь манай хүн хөлөө хол алцайлгаж зогсоод доошоо хараад А үсэг гэдэг болсон.
2010.12.07

Sunday, January 16, 2011

Мэд!!!

Цэлмүүний хэл ам сүүлийн үед гүйцэгдэхээ байлаа. Хөлөө жий, нуруу мааж, тэнд хэрээ майна, маамааг бүүвэйл л гэнэ.
Хөтөвчинд шээж, баагаад сурчихсан ч хааяа гэнэ алддаг талтай. Өчигдөр өмдөндөө шээгээд эмээ охин хоёрын хооронд ийм яриа өрнөжээ.
- Чи баба.
- Би гого.
- Аа мэдэхгүй.
- Мэд гэж охин чангаар хашхирав.

Sunday, December 19, 2010

Хумсаа будав

Цэлмүүн хумсны лак онгойлгоод хумсаа будаад сууж байв. Зураг зурдаг нарийхан хошуутай саатай лакаар нөгөө хэдэн могжгор хурууныхаа бяцхан хумснуудыг овоо олоод будчихсан, бас өнгөгүй лакаар давхарлах санаатай юм уу даа нээгээд энд тэндээ нялж байгаад үйлдэл дээрээ баригдлаа.
Манай охин үзэг балны хоббитой, хаана үзэг бал харагдана, будаг гээд шүүрээд авчихна. Тэгээд бариад явж байна. Тэгтэл миний айж байсан зүйл биеллээ олж жижиг өрөөний ханын цаасыг зургийн талбар болгосон байлаа.
Жижигхэн зүрх, цэцэгтэй стикерийг гэрээр нэг нааж өгч байнаа. Боодолтой Хужиртын усан дээр 2 зүрх, хаалга, миний утсан дээр цэцэг гээд л ургачих юм аа.

Monday, December 6, 2010

Эмнэлэгт хэвтсэн түүх

Хүүхэдтэй хүн бүрд хамгийн аймшигтай явдал бол хүүхэд өвдөх гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Манай охин анх цэцэрлэгт ормогцоо ханиад хүрээд эдгэсэн ч цээжиндээ багахан хэржигнүүртэй, хааяа нэгхэн ханиалгаж явсаар бараг 2 сар өнгөрлөө. Энэ хугацаанд өрхийн эмчид 2, цэцэрлэгийн эмчид өдөр бүр, төрсөн цагаас нь үзүүлсэн өөр нэг эмчид 2 удаа үзүүлж элдэв эм бичүүлж уусан ч бүрэн эдгэсэнгүй.

Tuesday, November 2, 2010

Ирээдүйн модель

Өнгөрсөн долоо хоногт Цэлмүүний цэцэрлэгийн ангид "Дүрслэх урлагийн нээлттэй хичээл"-д суух урилга ирсэн байсан. 2 нас ч хүрээгүй хүүхдийн дүрслэх урлагийн хичээл гээд бодохоор инээд ч хүрэх шиг, гэхдээ хөөрхийс минь насандаа таарсан юм хийгээд ангийнхаа гадаа өлгөчихсөн байдаг юм аа.
Аав, аниа хоёр нь очиж суусан чинь манай хүн анхаарал нь сарниад байн байн аав руугаа эргэж хараад олигтой юм хийгээгүй гэсэн. Бас овоо ярьдаг, үг хэлдэг болохоор нь багш нь байсхийгээд "Цэлмүүн ээ, энэ юу билээ?" гээд л өмд, гуталны зураг үзүүлэхээр мань хүн ирсэн аав ээжээс бишүүрхсэн үү, ганц ч үг дуугарахгүй байсан гэсэн. Манай охин яг цагаа тулахаар их аймхай, аавыгаа дуурайгаад хихи...
Амралтын өдрөөр бид гурав Их дэлгүүр ороод би юм хум үзэх санаатай, Цэлмүүний анхаарлыг сарниулах гээд хоёр хүүхэд моделийг зааж өгөөд эргээд харсан чинь ... манай охин нөгөө хоёр моделийн урд нь ташаагаа тулаад яг модель шиг зогсож байвал яах уу? Харамсалтай нь, торгон агшны зургийг авч амжсангүй.

Monday, October 18, 2010

Цэрнээс яаж салах вэ?

Цэлмүүн цэцэрлэгт ороод 3хан хоноод анхны ханиадаа хүрсэн юм. Тэгээд 7 хоногийн дотор ханиад нь наашилж эдгэсэн ч цээжиндээ цэртэй үлдчихээд одоог хүртэл (сар хагас гэсэн үг) цээжиндээ хэржигнүүртэй муухай ханиалгаад байх юм.
Эмчид очихоор нөгөө л нэг эмнүүдээ бичиж өгөх юм. Уул нь тэр цэр ховхолдог эм уугаад овоо цэр нь ховхорсон ч бүрэн эдгээгүй.
Baby эмнэлэг дээр цэр соруулах үйлчилгээ байдаг гэж байна, тийшээ очиж үздэг юм уу? Аав нь бол СОС-т үзүүлье, эмч нар нь арай сайн байх гэх юм. Гэхдээ СОС хүүхдийг сайн үздэггүй гэж сонссон доо.

Thursday, October 7, 2010

Цэцэрлэгийн сонин

Ойрдоо охиноо өөрөө очиж аваагүй байсан, нэг авахдаа багштай нь жаал хууч хөөрлөө. Цэлмүүн ангидаа хамгийн сайн ярьдаг нь гэнээ. Манай охин ч хүссэн юмаа хэлээд нэхээд авчихдаг л даа, хааяа л яах гээд байгаа нь мэдэгдэхгүй аашлаад байдгаас бус.
Нэг, долоо, найм гэдэг тоонуудыг хэлж сурсан, хөх, улаан өнгийн товчийг танина
Бөмбөгийг өмбөг гээд нээх хөөрхөн хэлдэг байсан чинь бөбө гээд мангар хэлдэг болчихож, ангийнхаа хүүхдээс л сурсан юм шиг байна. Аваад зогсож байтал үүдэнд нэг охин зогсож байсан бас Алиа, алиа гээд дуудаад байнаа, тэр нь тэгсэн Анхилуун гэдэг нэртэй юм байна.
Ангидаа бас цэвэрхэн иддэг хүүхдүүдийн тоонд ордог гэж байна, манай гэрт бол хамгийн заваан иддэгээр ямар ч яриангүй шалгардаг хүн шүү дээ. :P

Tuesday, October 5, 2010

Ханиад гэж хадны мангаа

Манай мисс байхгүй ээ, ханиад хүрчихсэн. Цэцэрлэг гэдэг чинь үнэндээ бас өвчний үүр юм аа, цэцэрлэгээсээ авсан бололтой, ангид нь нилээд олон ханиад томуутай царай алдсан хүүхдүүд байна гэнэ.
Одоо тэгээд цэцэрлэгт явуулахгүй байлтай нь биш, ингэж явсаар байгаад сүүлдээ дархлаатай болдог гэдэгт найдаад л явж байхаас.