Pages

Tuesday, November 2, 2010

Ирээдүйн модель

Өнгөрсөн долоо хоногт Цэлмүүний цэцэрлэгийн ангид "Дүрслэх урлагийн нээлттэй хичээл"-д суух урилга ирсэн байсан. 2 нас ч хүрээгүй хүүхдийн дүрслэх урлагийн хичээл гээд бодохоор инээд ч хүрэх шиг, гэхдээ хөөрхийс минь насандаа таарсан юм хийгээд ангийнхаа гадаа өлгөчихсөн байдаг юм аа.
Аав, аниа хоёр нь очиж суусан чинь манай хүн анхаарал нь сарниад байн байн аав руугаа эргэж хараад олигтой юм хийгээгүй гэсэн. Бас овоо ярьдаг, үг хэлдэг болохоор нь багш нь байсхийгээд "Цэлмүүн ээ, энэ юу билээ?" гээд л өмд, гуталны зураг үзүүлэхээр мань хүн ирсэн аав ээжээс бишүүрхсэн үү, ганц ч үг дуугарахгүй байсан гэсэн. Манай охин яг цагаа тулахаар их аймхай, аавыгаа дуурайгаад хихи...
Амралтын өдрөөр бид гурав Их дэлгүүр ороод би юм хум үзэх санаатай, Цэлмүүний анхаарлыг сарниулах гээд хоёр хүүхэд моделийг зааж өгөөд эргээд харсан чинь ... манай охин нөгөө хоёр моделийн урд нь ташаагаа тулаад яг модель шиг зогсож байвал яах уу? Харамсалтай нь, торгон агшны зургийг авч амжсангүй.

Monday, October 18, 2010

Цэрнээс яаж салах вэ?

Цэлмүүн цэцэрлэгт ороод 3хан хоноод анхны ханиадаа хүрсэн юм. Тэгээд 7 хоногийн дотор ханиад нь наашилж эдгэсэн ч цээжиндээ цэртэй үлдчихээд одоог хүртэл (сар хагас гэсэн үг) цээжиндээ хэржигнүүртэй муухай ханиалгаад байх юм.
Эмчид очихоор нөгөө л нэг эмнүүдээ бичиж өгөх юм. Уул нь тэр цэр ховхолдог эм уугаад овоо цэр нь ховхорсон ч бүрэн эдгээгүй.
Baby эмнэлэг дээр цэр соруулах үйлчилгээ байдаг гэж байна, тийшээ очиж үздэг юм уу? Аав нь бол СОС-т үзүүлье, эмч нар нь арай сайн байх гэх юм. Гэхдээ СОС хүүхдийг сайн үздэггүй гэж сонссон доо.

Thursday, October 7, 2010

Цэцэрлэгийн сонин

Ойрдоо охиноо өөрөө очиж аваагүй байсан, нэг авахдаа багштай нь жаал хууч хөөрлөө. Цэлмүүн ангидаа хамгийн сайн ярьдаг нь гэнээ. Манай охин ч хүссэн юмаа хэлээд нэхээд авчихдаг л даа, хааяа л яах гээд байгаа нь мэдэгдэхгүй аашлаад байдгаас бус.
Нэг, долоо, найм гэдэг тоонуудыг хэлж сурсан, хөх, улаан өнгийн товчийг танина
Бөмбөгийг өмбөг гээд нээх хөөрхөн хэлдэг байсан чинь бөбө гээд мангар хэлдэг болчихож, ангийнхаа хүүхдээс л сурсан юм шиг байна. Аваад зогсож байтал үүдэнд нэг охин зогсож байсан бас Алиа, алиа гээд дуудаад байнаа, тэр нь тэгсэн Анхилуун гэдэг нэртэй юм байна.
Ангидаа бас цэвэрхэн иддэг хүүхдүүдийн тоонд ордог гэж байна, манай гэрт бол хамгийн заваан иддэгээр ямар ч яриангүй шалгардаг хүн шүү дээ. :P

Tuesday, October 5, 2010

Ханиад гэж хадны мангаа

Манай мисс байхгүй ээ, ханиад хүрчихсэн. Цэцэрлэг гэдэг чинь үнэндээ бас өвчний үүр юм аа, цэцэрлэгээсээ авсан бололтой, ангид нь нилээд олон ханиад томуутай царай алдсан хүүхдүүд байна гэнэ.
Одоо тэгээд цэцэрлэгт явуулахгүй байлтай нь биш, ингэж явсаар байгаад сүүлдээ дархлаатай болдог гэдэгт найдаад л явж байхаас.

Monday, September 27, 2010

"Сармагчин"

Цэлмүүн гэртээ шалан дээгүүр өнхрөөд л, суниах маягтай бөгсөө өргөөд л, хөлөө өргөж буулгаад байхаар нь ангидаа биеийн тамир ороод дасгал энэ тэр хийдэг юм байх гэж бодлоо. Тэгээд нэг удаа авахдаа асуутал дасгал зааж өгөөгүй гэнэ дээ. Харин нэг багш нь турах санаатай, ангидаа дасгал хийдгийг манай сармагчин сураад авчихжээ. Хүүхэд нээрээ аав, ээж, багшийнхаа юу хийсэн бүгдийг дуурайх юм аа.

Sunday, September 26, 2010

Яахаа мэдсэнгүй

Цэлмүүнийг авахаар цэцэрлэгт нь очтол мань хүн нэг хүүхэдтэй шөргөөцөлдөөд сандал булаацалдаад байгаа бололтой зогсож байлаа. Шагайгаад зогсож байтал Цэлмүүний сандлаас барьж байсан гарыг багш нь цохиод авдаг юм даа. Ёоо, юу харчихав аа гээд би сандраад яахаа мэддэггүй, тэгтэл охин минь намайг хараад ээжээ гээд уйлан алдаад гүйгээд ирсэн.
Би яах, юу хэлэхээ мэдэхгүй ангийн үүдэнд охиноо тэврээд зогсож байтал багш ч бас бантсан бололтой гарч ирээд Цэлмүүний гарыг нөгөө хүүхэд нь яг хазах гэж байхад цохиод хазуулаагүй ухааны юм яриад л ...

Бассейнд орлоо

Өнгөрсөн долоо хоногт аав ээж хоёр нь бассейнд орж яваад 2 настай охиныг бассейнд авч орж байгаатай тааралдаад зориг ороод Цэлмүүнийг бассейнд авч орохоор шийдлээ. Өдөржингөө гадуур явж явж S  размерийн усны хувцас, бас хөвөгч тоглоом авав. Нэгэнт их дэлгүүрээр орсон юм чинь энэ тэрүүгээр юм үзэж, хоол хүртэл идээд 2, 3 цагийн дараа арайхийн гарч Озон бассейн руу зүглэлээ.
Миний мэдэхээр УБ-д байгаа бассейнуудаас хамгийн жижигхэн нь Озон, том хүний цээжээр татахаар өндөртэй. Бид жижигхэн гэж голоод энд ордоггүй байлаа.
Цэлмүүн эхэндээ жаахан айсан ч удалгүй дасаж сүүлдээ бүр хөвөгчөөсөө барихгүй ус цацалцан тоглож, цагийг тун зугаатай өнгөрүүллээ. Жижигхэн ваннанд ордог байгаад том ваннанд шилжихэд яаж баярласныг бодоход ийм том бассейнд тоглоход ямар зугаатай байсан болоо, бас чийрэгжих тустай.

Wednesday, September 22, 2010

Маамааг бай бай гэв

- Өнөөдөр цэцэрлэгтээ юу хийсэн бэ? Маамаатай тоглосон уу?
- (Толгой дохив.)
- Маамаатай яаж тоглосон бэ?
- Бай, бай.
- Маамааг чи бай, бай гэсэн юм уу? Яагаад тэгэж байгаа юм бэ? Маамаа тэгээд яасан?
- Ий ий ий.
- Пөөх, чи маамааг бай бай гээд уйлуулсан юм уу? Тэгээд багш чинь яасан бэ?
- Хи хи хи.
Цэлмүүний яриагаар бол өөрөө хүүхэд зодож уйлуулахад багш нь хи хи хи гээд инээсэн юм байх. Энэ ч худлаа байх аа.

Monday, September 20, 2010

9 сарын 20

Ойрын хэдэн өдөр цэцэрлэгтээ яваагүй, мартчихжээ. Ааваа, ээжээ гэж дуудаад л үлдлээ. Гэхдээ ч нэг үеэ бодоход энд дасч байна шүү.
Орой ээж төрсөн өдөрт явж би аниатай компьютерийн доор засаж тоглосон. 

Sunday, September 19, 2010

9 сарын 15 - 19

Өдөр хоног өнгөрсөөр л... би хааяа уйлаад л, хааяадаа гайгүйхэн цэцэрлэгтээ явсаар байна. Тавдах өдөр аав намайг хүүхдүүдээс хамгийн түрүүнд цэцэрлэгээс авсан, зарим хүүхдүүд уйлаад л үлдсэн дээ.
Одоо надад гадагшаа гарч хувцсаа өмсөх бүрт намайг цэцэрлэгт хүргэж өгөх гээд байгаа юм шиг санагдаад би их сэжигтэй ханддаг болсон.
Хагас сайнд бид дахиад Тэрэлж рүү салхинд гарч ийм юм идсэн.
Надад ч үүнээс илүү шийгуа, бас тэгээд надаас 2-оор эгч Хулантай тоглох л сайхан байлаа.