Pages

Monday, September 13, 2010

9 сарын 13

5 хоног завсарласны эцэст цэцэрлэгтээ явлаа. Аав, ээж, аниагаа санаад хайгаад л байсан ч олсонгүй. Багш намайг уйланхай болчихсон байна гэсэн. Орой хүүхдүүдийг аав, ээж нь ирж авсан чинь би бас гэрийнхнийгээ санаад уйлсан.
Гэрт ток тасарчихсан тул бид Украинская кухня орж хоол идлээ. Тэндхийн аквариумд загас об, об, об гээд л хоол идээд яваад байсан.
Орой нь Жуковын гадаа шинээр баригдсан усан оргилуур дээр очсон. Үнэхээр гоё, сэтгэл хөдөлсөндөө би алгаа ташаад л гүйгээд байсан.

Sunday, September 12, 2010

9 сарын 10 - 12

Пүрэв, Баасан гаригуудад ханиадаараа далимдуулж цэцэрлэгтээ яваагүй сайхан байна даа. Гэртээ дураараа дургиад, дунд чөмгөөрөө жиргээд л, хүүхдүүд тоглоом булаацалдахгүй амар байна. Гэхдээ бас уйтгартай ч юм шиг.
Аав, ээж хоёр ажилдаа явахгүй амралтын өдрүүд гоё доо. Хагас сайнд бид гэрээрээ ээжийн найзуудтай Тэрэлжид голын хөвөөнд очиж өдрийг өнгөрүүлсэн. Навчис шарлаад сэрчигэнэн унаж, гол урсаад л...
Би ч элдэв юм идэж өгсөөн тэнд, хиам, зайдас, жүүс, цэлцэгэнүүр гээд. Тэгээд бас гүйлгэж баларсан даа.
Бүтэн сайнд эмээ өвөө хоёр ирж намайг баахан эрхлүүллээ. Гэрт олон хүн байж, намайг эрхлүүлэхээр сайхан юм аа...

Thursday, September 9, 2010

9 сарын 9

Өглөө ээж, эгч бид гурав эртлэн босож намайг хамгийн анх үзсэн эмч нарын нэг болох Эрка эмчид үзүүллээ. Ингээд эм бичүүлж аваад харьснаар миний өнөөдрийн аялал дууслаа.
Орой сайхан том ваннанд усанд орж, усан дотор мөлхсөн, бараг л сэлсэн.
Шөнө бөөлжөөгүй, гүйлгээгүй, сайхан өтгөн ногоон нус гоожуулаад л явна даа.
Намайг хэрэг тарихаар ээж, аав, эгч нарыг уурлахаар нь би хайртай гэж хэлээд, хөлийг нь түшээд зогсоход дороо уурлахаа больчихдог юм. Харин намайг уурлуулсан хүмүүс ёстой соррии болдог юм даа. Би ч бас овоо гүрийнэ шүү.

9 сарын 8

Сохорсон биш завшив гэгчээр өнөөдөр намайг цэцэрлэгт явуулсангүй, аниатай цуг өрхийн эмчид үзүүллээ. Хувцсыг минь тайлаад унахаар цэцэрлэг байна гэж андуурч эсэргүүцэл үзүүлсэн ч удалгүй хувцсыг буцаан өмсүүлж санаа амраалаа.
Өдөржингөө гэртээ аниатай тоглож өнгөрүүллээ. Ингээд байгаад байж болдоггүй юм байх даа. Шөнө дахиад бөөлжиж гүйлгэсэн. Ээжийн санаа их зовсон байх даа.

9 сарын 7

Шинэ өдөр эхэллээ.
Ээж намайг гадаа гаръя гэж дагуулж гарчихаад даажин даажин дээр суулгахгүй цэцэрлэгт хүргэж өгсөнд би их гомдсон. Би даажинд хичнээн дуртай гээч.
Өнөөдөр би өглөөний, бас өдрийн хоолоо идчихээд вооооо гээд бөөлжчихсөн. Түүнээс бусдаараа энгийн нэг өдөр өнгөрлөө. Бусад маамаанууд надад ойртож ирэхэд би их дургүй хүлээж авдаг байснаа больсон.
Орой ашгүй аниа ирлээ. Ээжээс өөр тоглох хүнтэй боллоо доо.
Би аниадаа хайртай ч ээжтэйгээ л унтах дуртай. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна.
Шөнө би дахиад бөөлжиж, зөндөө гүйлгэж хонолоо. Хөөрхий ээж эгч хоёр минь их л сандрах шиг боллоо. Би ч унтаад л байлаа.

9 сарын 6

Өглөө би эрхлээд аав ээж хоёрынхоо өвөрт орж унтсан. Өглөө аавыг босч явсныг мэдэлгүй аавынхаа унтаж байсан тал руу шахаж байгаад орноос уначихсан. Ингэж орноос унаж тоотой л үзсэн дээ.
За ингээд цэцэрлэгтээ буцаад орлоо доо. Багшдаа тэврүүлээд Ээж ээ гэж уйлаад л үлдлээ. Би ангийнхаа хоёр бөмбөгийг өмчилж аваад бусдаас хамгаалах ажил хийж байна. Орой цэцэрлэг тарахад хүүхдүүдийг ээж аав нь ирж аваад, би ээжийгээ санаад ээжээ гэж уйлсан.
Орой нь Чимгээ эгч ирж надтай тоглолоо.

Wednesday, September 8, 2010

9 сарын 4 - 5

Амралтын өдрүүд, аав ээжээсээ салахгүй эрхлэх өдрүүд эхэллээ.
Хагас сайнд бид гурав гадуур явж надад Mini Bravo-оос 2 цамц, 1 өмд, ягаан өнгөтэй биеийн тамирын хос хувцас, бас угж авсан. Тэгээд Славянский Базаарт хоол идсэн (би тэнд төрөхөөсөө өмнө 1, төрөөд 2 дохоо орж байна.)
Орой нь бид гурав бяцхан дүүгийндээ зочлов. Дүү минь хэдий нэг нас хүрч байгаа ч хазах, базахдаа надаас ч илүү байсан нь гайхалтай. Аав ээж хоёр намайг тэнд үлдээгээд кино үзэхээр явсанд би их гомдсон ч уйлаагүй шүү.
Орой нь намайг унтсан хойно ирж, бид гурав гэртээ харьлаа.
Бүтэн сайны өдрийг гэртээ хоол хийж, гэрээ цэвэрлэсэн шигээ сайхан өнгөрөөлөө.

Tuesday, September 7, 2010

9 сарын 3

Тогтмол цагт босох амаргүй юм аа.
Өглөө босоод аниатайгаа цэцэрлэгтээ явлаа. Үүдний даажин даажин дээр суух гэсэн чинь байдаггүй. Аниа намайг багшид минь уйлуулан байж үлдээгээд явлаа.
Би нөгөө ширээнийхээ хөлний дэргэд нэг сандалтай болсон. Тэр сандлаа бас хамгаалдаг ажилтай болсон доо. Нэг хүүхэд сандал дээр минь суух гэхээр би хазаад хөөгөөд явуулсныг сонсоод ээж хүүхэд хазаж болохгүй гэж хэлсэн, гэхдээ хааяа өөр яах учраа ч олохгүй үе байх юм.
Би өдөр унтаад сэрэхдээ аавыгаа санаад дуудсан ч дэргэд минь байсангүй.
Орой ээж, эгч хоёр намайг авч харихад би гэртээ орохгүй санаатай эсэргүүцээд барсангүй. Аав шөнө ирээд намайг зөндөө эрхлүүлсэн. Аавдаа хайртай.

Thursday, September 2, 2010

9 сарын 2

Өнөөдөр цэцэрлэгтээ явах хоёрдох өдөр. Өглөө ээж намайг сэрээхэд би тийм ч дуртай биш байсан ч удалгүй сэргэж хаачих гэж байгаагаа мэдээгүй болохоор тун цоглог байлаа.
Ээж биш аниа намайг цэцэрлэгт ангийн минь үүдэнд хүргэж өгөхөд л намайг ямар хувь заяа өнөөдөр хүлээж байгааг ухаарч эсэргүүцлээ газарт тэрий хадан илэрхийлэв. Гэсэн ч намайг хуураад аниа орхиод явчихжээ.
Ингээд би аргагүйн эрхэнд цэцэрлэгтээ үлдээд эндээ эзэн нь болохоор шийдлээ. Ангид байдаг том ширээн дээрээс багш бидэнд хярам, сүү хийж өгдөг болохоор би тэр ширээг хамгийн чухал газар болохыг ухаарч ширээний хөлийг өөрийн "дош" болгон сонгож авлаа. Би өдөржингөө дошоо эргэж, бусад хүүхдүүдээс хамгаалж өнжсөн.

Wednesday, September 1, 2010

9 сарын 1

Өнөөдөр би 7 цагаас эртлэн босож цэцэрлэгтээ явлаа. Олон гоё тоглоомтой, хөөрхөн жижигхэн сандал ширээтэй ангид ороод юм хум сонирхож яваад ээжийгээ явсныг ч анзаарсангүй.
За би гэртээ харихаар гутлаа сольж өмсөөд сууж байна.
Хэсэг болсны дараа ээж минь харагдахгүй байгааг анзаарч цэцэрлэг дотуур ээжээ, ээжээ гэж дуудаж зөндөө явлаа. Энд тэндгүй үзлээ. Ээж намайг орхиод явчихжээ.