Pages

Thursday, March 10, 2016

Замаа зассан нь

Өглөө хувцсаа өмсөхгүй удсанаас болж аав нь Цэлмүүнийг зэмлэв. Эрхлээд удаад байсан Ирмүүн дараагийн зэмлүүлэх хүн нь өөрөө болж магадгүйг мэдээд худлаа инээгээд л,
- Аав аа, таныг ингээд хүн загнахаар би бас загнуулчих болов уу гээд айгаад байдгийн шд гэж замаа засав.

Wednesday, February 3, 2016

Ямбай...

Буддаг ном будаж суулаа.
Цэлмүүн: Ээж ээ, би гоё ямбай будаж байгаа биз? (нямбай гэж хэлж байгаа нь тэр, нэг тиймэрхүү үг байна гэж тогтоосон бололтой.)
Ирмүүн: Би бас гоё ямбай будаж байгаа биз? (Цэлмүүн юу хэлнэ, хийнэ, дуурайна.)
Нинжин: Би бас гоё тийм будаж байгаа биз.... (Сайн чадахгүй ч байсан бас дуурайна.)

Wednesday, January 20, 2016

Хайр аа, хоёулаа гэрлэх үү?

Хайр аа, хоёулаа гэрлэх үү? гэж Ирмүүн нэг хэсэг Цэлмүүн бид хоёрыг залхаав ш дээ. Эмэгтэй хүнтэй гэрлэхээ мэдээд байгаа юм аа, аавыгаа тэгэхгүй, бид хоёрыг эргүүлдэнэ.
- Гэрлэнэ гэж яадаг юм бэ?
-Уруул дээр чинь үнсье гэх юм. Цэцэрлэгээсээ сурсан бололтой.
Цэлмүүн бүр залхаад
- Ээж ээ, энэ Ирмүүнийг болиулаад өгөөч гэлээ.
- За тэгэж л байг даа, тэртэй тэргүй та хоёр гэрлэхгүй шд.
- Сонсохоор уур хүрээд, аягүй хэцүү, ядаргаатай байнаа гэнээ.
2015 оны 10 сар

Tuesday, January 12, 2016

Амьдаар мэдээлсэн нь

Цэлмүүн том болоод хөгжилтэй юм ярих нь багасчээ. Харин нэг тийм, ухсан, яагаад гэсэн ухаалаг асуултууд их асуух болсон, бас жаахан ааштай болсон.
Цэлмүүнтэй утсаар ярихад
- Миний охин юу хийж байна?
- Надтай тоглох хүн байхгүй байна, би энд ер нь байгаад яадийн. (Хэсэг байзнаснаа) Би утсаар ярьж байна, Ирмүүн тоглож байна, өвөө зурагт үзэж байна. Өвөө зурагт яг үзээд ч байгаам уу, би мэдэхгүй байна хэмээн нэг амьсгаагаар үргэлжлүүлэн ярьж гарлаа.

Thursday, January 7, 2016

Скочдсон нь

Ирмүүн Цэлмүүн хоёрыг машинд суулгаад Эрдэнэт рүү явууллаа. Цэлмүүн машинд удаан явахаар бөөлждөг талтай. Хэсэг яваад Цэлмүүн бөөлжөөд байсанд авч явж байсан ах эгч хоёр Цэлмүүний хүйсэн дээр наах санаатай скоч гаргаж ирж гэнэ. (Хүйсэн дээр скоч наахаар бөөлждөггүй гэдэг юм, би ерөөсөө итгэдэггүй юм.) Тэгтэл Ирмүүн сандран
- Яах гэж байгаа юм бэ? Яах гэж байгаа юм бэ? Амыг нь скочдох гэж байгаа юм уу? гэсэн гэнэ. Эгчийг нь бөөлжөөд байхаар амыг нь скочдох гэж байна хэмээн санаа нь зовсон бололтой.

Wednesday, December 23, 2015

Та тоглож байсан

Манай Ирмүүний хэл ам нь гүйцэгдэхгүй ээ, ер нь их заргач. Логиктой, логикгүй үзэж гарна. Аав нь Ирмүүнийг тоглоомоо хураа, одоо унт гэв.
- Би тогломоор байна ш д.
- Одоо орой болчихсон байна, унт.
- Та ч гэсэн (орой болчихсон байхад) тоглодог л биз дээ.
- Хэзээ би тоглож байсийн... 
- Худлаа ярь. Би ээжийн гэдсэнд байхдаа гэдсийг нь цоолоод харсан чинь та тоглож байсан. 

Sunday, December 13, 2015

Өргөст хэмхийн түүх

Цэлмүүн нэг, хоёр настай байхдаа гарт тааралдсан юмаа тэврээд л, бүүвэйлээд явдаг байсан юм. Нэг өдөр уртаа гэгчийн өргөст хэмх алчууранд ороогоод тэвэрчихсэн, бүүвэй бүүвэй гэчихсэн явж байв. Тэгэж яваад өргөст хэмхээ нэг газар тавьчихсан байсныг нэг нь олоод хугалаад нэг хазчихжээ. Цэлмүүн мэдчихээд "Миний хүүхдийн толгойг идсэн байна" гээд, өнөөх нь "Танай хүүхэд байсныг мэдсэнгүй" хэмээн бөөн л уйлаан майлаан болов.
Тэгэж байгаад нэг хартал Цэлмүүн өнөөх хоёр хугархайгаа хоёр талдаа тэвэрчихсэн, ихэр хүүхэдтэй гэчихсэн явж байв.

Saturday, December 5, 2015

Одноос ирсэн ...

Бид хэд хүүхэлдэйн театрт "Одноос ирсэн ханхүү" жүжиг үзэв. Эхлэх цагаа хүлээнгээ тэр хавиар байгаа жүжгийн зурагт хуудсууд дээр юу бичсэнийг надаар уншуулж байв.  Одноос ирсэн ханхүү, доголон шаазгай, долоон одой гэхчлэн...
Орой нь гэртээ ирээд Ирмүүнээс ямар жүжиг үзлээ гэж асуутал "Одноос ирсэн доголон шаазгай" гэдэг юм даа.

Thursday, November 19, 2015

Цусны бүлэг

Цэлмүүн:
- Ээж ээ, би хэддүгээр бүлгийн цустай вэ? гэж асуулаа.
- Мэдэхгүй байна, ээжийнхээ, эсвэл аавынхаа аль нэгний цусны бүлгийг авсан байгаа. Цусны шинжилгээ өгч байж мэдэх боломжтой гэж тайлбарлалаа.

Тэгтэл нэг өдөр Цэлмүүний хамраас цус гоожиж, бид хоёр хүйтэн усаар угаах зуур:
- Ээж ээ, миний хамраас цус гоожсоор байгаад тантай адилхан бүлгийн цустай болчихвол яах уу?
- Юу гэсэн үг вэ? Ойлгосонгүй!
- Мэдэхгүй, би ч гэсэн ойлгохгүй байна гэв.

Saturday, November 14, 2015

Аавын хүүгийн юу хурц вэ?

Багш нь Ирмүүний ангид шинэ зүйр цэцэн үг заажээ.
- Адуун сүргийн туурай хурц, аавын хүүгийн гэтэл Ирмүүн:
- Хумс хурц гэж яаран хэлэв гэнэ.

Уул нь "Адуун сүргийн туурай хурц, аавын хүүгийн ухаан хурц" гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг байжээ.