Pages

Monday, March 30, 2015

Миний буруу биш юм уу?

Ирмүүн гонгинодог насан дээрээ байгаан.
Цэлмүүнийг миний охин яасан хөөрхөн юм бэ? ямар мундаг юм бэ? гээд магтахаар Ирмүүн би мундаг биш юм уу? Би хөөрхөн биш юм уу ? гээд гонгиноно. Сав л хийвэл гонгиноно.
Тэгсэн чинь саяхан юуны ч тухай ярилцаж байлаа даа, энэ яг тэрний буруу гээд аав бид хоёр ярилцаж байтал Ирмүүн “Тэгээд миний буруу биш юм уу?” гэж гонгинов.

Нэг л гомдсон, барьцсан хүн энд нэг ширхэг байна. 

Tuesday, March 3, 2015

Шулга болохоор ...

Ирмүүний нүүр ойрдоо холцруутах маягтай. Унтахдаа тос түрхээд унтавч өдөрт тийм олон нүүрээ угаадаг юм байлгүй, хуурай, холцруутсан хэвээр.
Ирмүүний нүүрэнд тос түрхээд хүүгээ энхрийлж үнсээд:
- Яагаад миний хүүгийн нүүр холцруутаад байгаа юм болоо гэтэл Ирмүүн өөдөөс:
- Яагаад гэвэл би шулга юм чинь гэдэг байгаа.
- Хахаха. Шулга бол нүүр нь холцруутдаг юм уу гээд шоолсон чинь
- Тэгдийн за юу, угаасаа тэгдийн гэнээ.

Tuesday, February 24, 2015

Үймүүлсэн үү?

Цэцэрлэгээс харьж явав. Ирмүүн:
- Ээж, та өнөөдөр ажил дээрээ үймүүлсэн үү?
- Үймүүлээгүй.
- Үймүүлэхгүй яасийн?
- Би яаж үймүүлэх ийн? Ээж нь ажил дээрээ үймүүлдэггүй шд.
- Унт гэхээр нь унтахгүй, худлаа нүдээ аниад л үймүүлэхгүй яасийн...

Ажил дээр намайг унт гээд л, тэгэхээр нь би унтахгүй худлаа нүдээ анивал үнэхээр хөгжилтэй байх гэж бодогдлоо. Хааяа ч унтчихмаар, дуусдаггүй урт ажлын өдрүүд байдаг шүү.

Monday, February 16, 2015

Пуужин

Бид бас л гадуур машинтай явж байв. Орой болж харанхуй болжээ. Цэлмүүн бүх үсэг мэднэ, муухан холбоод зарим нэг үг үсэг уншдаг ухаантай. Машинд уйдаад оньсого, үсэг таалцахаар болж:
- Одоо юу болж байгаа билээ? Ш-Ө ... гээд асуутал Цэлмүүн:
- Шөнө гэж зөв хариулав.
- Сайн байна. Тэгвэл Н-А-Р?
- Нар!
- Мундаг шүү. М-А-Л?
- Пуужин!!!

Хаанаас юун пуужин гараад ирсэн юм, бүү мэд!

Monday, February 9, 2015

Лийр жил

Цагаан сар дөхөөд жилийн тухай яриа болов. Цэлмүүн:
- Би хулгана жилтэй, чи туулай жилтэй гэхэд Ирмүүн:
- Үгүй ээ, аниа та лийр жилтэй шд. Та лийрэн дээр суудаг биз дээ...

Tuesday, February 3, 2015

Манай нэг найз ...

Манай Ирмүүн их олон найзтай юм билээ.
Скай резорт руу явах замд Ирмүүн:
- Хурдал, хурдан давхи гээд байв.
- Өвөл халтиргаатай зам дээр хурдан давхих аюултай, машинууд хоорондоо мөргөлдөөд осол гардаг. Санаж байна уу, кинон дээр нэг айл гэрээрээ явж байгаад осолд ороод бүгдээрээ нас барсан гээд л ярилаа. Тэгтэл Ирмүүн:
-  Манай нэг найз бас хурдан давхиж байгаад, осолд ороод, тэгээд үхчихсэн шд гэв.

Буцах замд Туул голын эргээр цасан дээр тоглож байсан хүүхдүүдээс нэг халтираад уначихав. Тэгтэл Ирмүүн:
- Манай нэг найз тоглож байгаад, халтираад, унаад бөгс нь ёоёо болчихсон шд гээд ярилаа.

Гэрт Ирмүүн угаалгын машин дээрээс үсрээд хөлөө өвтгөчихөв.
- Осолтой шдээ, яагаад эндээс үсэрч байгаа юм бэ? гэхээр өөдөөс
- Манай нэг найз өндрөөс үсрээд үхчихсэн шдээ гэв.

Иймэрхүү түүх зөндөөг ярилаа. Ирмүүн их олон ч найзтай юм, бас нилээд хэд нь үхчихсэн юм... o_0

Tuesday, January 27, 2015

Цэцэг

 Цэлмүүний өглөөний хоолоор хийсэн цэцэг
Ирмүүн ч бас эгчийгээ дуурайв.

Wednesday, January 21, 2015

Хөгжилтэй ярианаас

Машинтай хотоор явж байгаад машины антенны талаар яриа болов. Энэ юу вэ? Үүгээр яадаг юм бэ? Яг яаж ажилладаг вэ? Яагаад заримынх нь ийм урт байна вэ? Энэ антенн байна, тэр бас антенна байна гэхчлэн ярилцлаа.
Тэгтэл нэг өдөр Цэлмүүн машинд явж байснаа:

·         Ээж, ээж, энийг хар даа? Аймаар том антеннтай автобус явж байна! Гэхээр хартал:


-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------

Аав нь Ирмүүнийг юман дээр гараад зогсчихож гэж бодоод:
А: Наад дээрээсээ буу гэв.
И: Би юман дээр зогсоогүй ээ, хөлнийхөө хамар дээр зогсож байнаа гэхэд хартал өлмий дээрээ зогсож байлаа.

Friday, January 16, 2015

Явдаг сар

Цэцэрлэгтээ явахаар өглөө эрт гартал нар хараахан мандаагүй, тэнгэрт хавирган сар гялтайн харагдана. Хэсэг явсны эцэст Ирмүүн:
- Энэ сар бид нарыг дагаад байна. Явдаг юм байх даа? Дугуйтай юм болов уу? Далавчтай юм болов уу? гэв.
Ирмүүн 2 настай.

Tuesday, January 6, 2015

Хумсны баавгай

Зурагтаар бидний нэрлэж заншсанчлан панда гарч байв. Би:
-          Панда гарч байна гэтэл
-          Үгүй ээ, хумсны баавгай гарч байна гэж Цэлмүүн мэтгэв.
-          Хумсны биш ээ, хулсны баавгай гэдэг байхгүй юу. Урт нарийхан хулс гэдэг мод ургадаг ойд амьдардаг, хулс иддэг болохоор нь хулсны баавгай гэж нэрлэсэн юм гэж би тайлбарлав.
Өнөөх чинь сүрхий ойлгосон царайтай харж байснаа
-          Бас хумсаа иддэг тээ... гэв.
Багшийнхаа хэлснийг хумсны баавгай, хумсаа иддэг баавгай гэж ойлгоод тогтоочихсон нь  ой тойндоос тийм ч амархан салахгүй байгаа бололтой.

Энэ явдлын дараагаар би багадаа ээжтэй үгүй, манай багш тэгэж хэлсэн, багшийн л зөв гэж маргадаг байснаа саналаа.