Pages

Saturday, June 4, 2016

Би том болоод

Ирмүүн
- Би том болоод Терекс (үлэг гүрвэл) болно.
- Би том болоод халим болноо. Халим цагдаа болно. Хүмүүс хэрэг тариад байвал амаа ангайгаад л идчихнэ.

*******************
- Би том болоод 2 машин, 2 робот болно. Нэг нь хогны машин болно, хог зөөдөг машин. Хог зөөдөг робот машин. Яриулаад байсан чинь Wall-E болж таарав.

Wednesday, May 25, 2016

Хамгийн баасанхай хэн бэ?

Ирмүүн цэцэрлэг дээрээ аливаа юмсыг харьцуулах тухай үзсэн юм шиг байгаан, юм болгоныг харьцуулна. Хоёр ширхэг харандаа байсан ч барьчихаад л би чамаас асуулт асууя, энэ хоёрын аль нь том бэ? гэнэ. Хариулахаар одоо тэгвэл аль нь жижигхэн бэ ч гэх шиг.
Нэг хэсэг хамгийн, хамгийн асуултаар булууллаа, тэгээд л хариулж чадахгүй бол би хэлье гээд л, өөрөө мэддэг байж надаас асуугаад байдгийг бодоход намайг л шалгаад байдаг бололтой. :P
И: Дэлхийн хамгийн ухаантай хэн бэ?
Э: Мэдэхгүй.
И: Ирмүүн.

И: Тэгвэл хамгийн нусанхай хэн бэ?
Э: Ирмүүн
И: Үгүй, ээж. (би ханиад хүрчихсэн байлуу даа.)

И: Хамгийн баасанхай хэн бэ?
Э: Ирмүүн.
И: Үгүй, цагаан эрвээхэй.

Wednesday, May 18, 2016

Зүүд

Ирмүүн нэг өглөө
-Ээж, би аймаар зүүд зүүдэлсэн гэсээр босч ирэв.
-Ямар зүүд?
-Би гэрээсээ төөрчихсөн байна гэж зүүдэлсэн.
-Нээрээ аймаар зүүд байна. Чи нээрээ төөрчихвөл яах вэ? гэж амьхандаа яахыг нь мэдчих санаатай асуув.
-Аааааайн (гоншгонов.) Та намайг  төөрүүлмээр байгаам уу????
-Үгүй ээ, зүгээр төөрвөл чи яах вэ?
-Та намайг төөрүүлмээр байгаам уууу???

Monday, May 9, 2016

Ямар их гэр бүлтэйм бэ?

Ирмүүн Цэлмүүн хор дөрвөн хүүхэдтэй ахынхантайгаа цуг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалав. Хэсэг явж байснаа Ирмүүн:
- Хүмүүс таныг ямар их гэр бүлтэйм бэ гэж бодож байгаа байх даа тээ? гэв.

Saturday, April 30, 2016

Логик

Радиогоор нэг дуу явлаа, Цэлмүүн
- Энэ Содура киноны дуу байна. (Дээр үед өвөө эмээтэйгээ цуг зурагтаар Содура үзэж байлаа.)
- Миний охин яасан сайн ойтой юм бэ?
- Би нээрээ ингэсийн шд.
- За.
- Би дээр үхрийн нүд түүх гэж байгаад халгайд хөлөө түлчихсэн байхгүй юу, тэгсэн чинь Амила миний хөлөн дээр шээсийн. Тэгсэн чинь шээс нь аягүй халуун байсан шд.
- Тэгээд?
- Тэгээд л тэр.
- o_0!!!

Thursday, April 7, 2016

Пуухад туслав

Пуух зөгийтэй тулалгүйгээр зөгийн баландаа хүрэх ёстой юм байна л даа. Тэгтэл яагаад ч юм, энд тийм хувилбар байсангүй, би лав олсонгүй. Тэгэнгүүт Ирмүүн тэр доод булангийн зөгийг тусгаарлаж, хана зурж байгаад ямар ч гэсэн Пуухыг баланд нь хүргэж орхилоо.

Friday, April 1, 2016

Санхүүгийн мэдлэг

Ирмүүн том төгөлдөр хуур нэхэв.
А: Мөнгөтэй болохоороо авч өгье.
И: Хэд хэрэгтэй байдаг юм бэ?
А: 6 сая.
И: Танд байхгүй юм уу?
А: Байхгүй.
Тэгтэл Цэлмүүн яриан дундуур орж ирэв.
Ц: Тэгвэл 7 сая байгаа юу? Аав нь тоглоод
А: Байгаа.
Ц: Тэгвэл худалдагчид нь долоон саяыг өгье гэж гуйж байгаад авчихъя л даа.

Цэлмүүн уул нь математикаа торохгүй хийгээд л байдаг юм, гэтэл санхүүгийн мэдлэг үнэн 0 байлаа.

Tuesday, March 15, 2016

Мэлхий хүрээлэн

- Мэлхий хүрээлэн гэж байдаг уу?
- Хммммм.....
- Мэлхий хүрээлэн! Яагаав, бид нар очиж байсан шд.
- Ямар газар байлаа?
- Мэлхий хадтай Мэлхий хүрээлэн!
- Аан, Тэрэлж үү? Тэр газрыг чинь Тэрэлж гэдэг байхгүй юу.
- Аан, гэхдээ Мэлхий хүрээлэн гэж байдаг уу?

Thursday, March 10, 2016

Замаа зассан нь

Өглөө хувцсаа өмсөхгүй удсанаас болж аав нь Цэлмүүнийг зэмлэв. Эрхлээд удаад байсан Ирмүүн дараагийн зэмлүүлэх хүн нь өөрөө болж магадгүйг мэдээд худлаа инээгээд л,
- Аав аа, таныг ингээд хүн загнахаар би бас загнуулчих болов уу гээд айгаад байдгийн шд гэж замаа засав.

Wednesday, February 3, 2016

Ямбай...

Буддаг ном будаж суулаа.
Цэлмүүн: Ээж ээ, би гоё ямбай будаж байгаа биз? (нямбай гэж хэлж байгаа нь тэр, нэг тиймэрхүү үг байна гэж тогтоосон бололтой.)
Ирмүүн: Би бас гоё ямбай будаж байгаа биз? (Цэлмүүн юу хэлнэ, хийнэ, дуурайна.)
Нинжин: Би бас гоё тийм будаж байгаа биз.... (Сайн чадахгүй ч байсан бас дуурайна.)