Pages

Monday, September 25, 2017

Манай эмээ чихэр ид ид гэдэг

Цэлмүүн чихрэнд нилээд хойно ороод хүчтэй дурлаж байсан юм. 3, 4 настай байхдаа жижиг өвөөгийндөө зочилж очив. Эмээ нь чихэр идүүлэхгүй гээд чихрийн тавгаа дээш нь тавьчихаж л дээ. Тэгтэл Цэлмүүн олж харчихаад чихэр идчих санаатай:
"Манай том эмээ намайг очихоор чихэр ид ид гээд байдгийн шд" гэсэн гэнэ. Бас том, жижиг эмээгээ өрсөлдүүлж байгаад чихэр олоод идчих заль байнаа байна.

Monday, September 18, 2017

Хайч, чулуу, даавуу

1 хоногтой бяцхан дүү эмнэлгээс ирэв. Ирмүүн дүүгээ шохоорхон тоглочих гэж үзнэ.
Э: Дүү нь жаахан ш дээ, чамтай тоглож чадахгүй.
И: Үгүй ээ, чадна ш дээ. Хайч, чулуу, даавуу... хайч, чулуу, даавуу гэснээ "Ээж ээ, дүү надтай тоглоод байна, чулуу гаргаад байна" гэв. Хартал нээрээ л дүү нь гараа байдгаараа атгачихсан унтаж байлаа.

Saturday, September 9, 2017

Цус ойртолт

Ирмүүн Нинжин дүүтэйгээ суунаа гэхээр нь ах дүү хоёр гэрлэдэггүй, хүүхэд нь өвчтэй төрдөг гэж ярьж байсан юм. Тэрийг Ирмүүн бодоод л яваад байсан бололтой, хэзээ хойно нэг өдөр шалгааж гарлаа. 
И: Цус ойртохоор өвчтэй хүүхэд төрдөг гэсэн тээ? Бүр хэзээ ч эдгэдэггүй өвчтэй гэсэн тээ? Үхэхээр нь эдгэх болов уу? Үхсэн хойноо ч гэсэн өвчтэй байх уу?

Monday, September 4, 2017

Оршуулга

Ирмүүн үхэл, оршуулга гэх мэт ойлголтыг бүрэн ухахгүй, их асуунаа.
И: Аав, ээжийг үхээд оршуулахаар нь би бас цуг ороод хэвтчихнээ. 
Э: Болохгүй шдээ...гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.
И: Яагаад? Яадийн? Аав ээж нь тэнгэр рүү яваад би газарт (доор) үлдчих юм уу?
Уул нь хөөрхий, аав ээжтэйгээ цугтаа байчих гээд байгаа бололтой..

Thursday, August 31, 2017

Манай эхнэрийг үхвэл...

ИрмүүнТаныг үхвэл би лав уйлнаа. Намайг үхвэл та уйлах уу?
Э: Уйлалгүй яахав.
И: Манай эхнэрийг үхвэл та арай жоохон уйлах байх тээ?
Э: o_0

Friday, August 25, 2017

Нохойны гэр бүл

Ирмүүн, Нинжин бид 3 цэцэрлэгээс харьж явав. Гудамжинд хэдэн золбин нохой гүйлдэнэ. 
И: Ээж ээ, нохой чинь том болохоороо өөрөө л амьдардаг тээ, амьдралаа зохиодог тээ?
Э: Юу гэсэн үг вэ? гэж тодруулж асуулаа.
И: Өөрөө биеэ даагаад л, гэр бүлтэй болоод л, амьдраад явдаг.
Э: Тийм ээ, тийм.
Н: Бас тэгээд гэрлэдэг.
И: Үгүй ээ, нохой гэрлэдэггүй юм (хурим хийхийг хэлээд байгаа бололтой). Зүгээр л эрэгтэй эмэгтэй нохойнууд хоёулаа гэр бүл болох уу гэж нохойны хэлээрээ яриад л суучихдаг юм. 

Saturday, August 12, 2017

Хүн болмоор байна

И: Ээж, би том болоод хүн болмоор байх юм.
Э: ?
И: Ажилд явдаг хүн болмоор байна.

Sunday, August 6, 2017

Татах хүч

Ирмүүн татах хүчийг их сонирхдог юм. Нэг өдөр ингэж асуув.
- Хүмүүс (өөр) гариг дээр очоод, уяаг газарт уяж байгаад, нөгөө үзүүрийг нь машины ардаас тогтоож байгаад нар руу шидвэл яах вэ? Гариг нар руу явах уу?

Friday, August 4, 2017

Гэр

Товч гэртэй тээ? Товчны гэр товчны нүх.. Хөлний гэр оймс.. Гарны гэр бээлий...

Sunday, July 30, 2017

Нас

Ирмүүн аавынхаа дүү, авга ахаасаа асуув.
И: Та хэдтэй вэ?
А: 32-той.
И: Манай аавыг гүйцэх гэж байгаа юм байна шд.