Pages

Tuesday, January 27, 2015

Цэцэг

 Цэлмүүний өглөөний хоолоор хийсэн цэцэг
Ирмүүн ч бас эгчийгээ дуурайв.

Wednesday, January 21, 2015

Хөгжилтэй ярианаас

Машинтай хотоор явж байгаад машины антенны талаар яриа болов. Энэ юу вэ? Үүгээр яадаг юм бэ? Яг яаж ажилладаг вэ? Яагаад заримынх нь ийм урт байна вэ? Энэ антенн байна, тэр бас антенна байна гэхчлэн ярилцлаа.
Тэгтэл нэг өдөр Цэлмүүн машинд явж байснаа:

·         Ээж, ээж, энийг хар даа? Аймаар том антеннтай автобус явж байна! Гэхээр хартал:


-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------

Аав нь Ирмүүнийг юман дээр гараад зогсчихож гэж бодоод:
А: Наад дээрээсээ буу гэв.
И: Би юман дээр зогсоогүй ээ, хөлнийхөө хамар дээр зогсож байнаа гэхэд хартал өлмий дээрээ зогсож байлаа.

Friday, January 16, 2015

Явдаг сар

Цэцэрлэгтээ явахаар өглөө эрт гартал нар хараахан мандаагүй, тэнгэрт хавирган сар гялтайн харагдана. Хэсэг явсны эцэст Ирмүүн:
- Энэ сар бид нарыг дагаад байна. Явдаг юм байх даа? Дугуйтай юм болов уу? Далавчтай юм болов уу? гэв.
Ирмүүн 2 настай.

Tuesday, January 6, 2015

Хумсны баавгай

Зурагтаар бидний нэрлэж заншсанчлан панда гарч байв. Би:
-          Панда гарч байна гэтэл
-          Үгүй ээ, хумсны баавгай гарч байна гэж Цэлмүүн мэтгэв.
-          Хумсны биш ээ, хулсны баавгай гэдэг байхгүй юу. Урт нарийхан хулс гэдэг мод ургадаг ойд амьдардаг, хулс иддэг болохоор нь хулсны баавгай гэж нэрлэсэн юм гэж би тайлбарлав.
Өнөөх чинь сүрхий ойлгосон царайтай харж байснаа
-          Бас хумсаа иддэг тээ... гэв.
Багшийнхаа хэлснийг хумсны баавгай, хумсаа иддэг баавгай гэж ойлгоод тогтоочихсон нь  ой тойндоос тийм ч амархан салахгүй байгаа бололтой.

Энэ явдлын дараагаар би багадаа ээжтэй үгүй, манай багш тэгэж хэлсэн, багшийн л зөв гэж маргадаг байснаа саналаа.

Monday, January 5, 2015

Усан Оргилуур

Ирмүүний баримлын шавраар хийсэн бүтээл.

Wednesday, August 6, 2014

French hip hop by Irmuun

Манай хүн хаанаас ч сурсан юм бүү мэд, жигтэйхэн мундаг хип хоп дуулдаг болсон. Дуулах дуулахдаа бүр Францын underground урсгалаар, тэгээд бүр францаар дуулдаг болсон гээд л бодчих.
Үргэлжлэл нь

Tuesday, July 29, 2014

Цэлмүүний ярианаас #3


Цэлмүүн: Ээж, таны төрсөн өдөр хэзээ болох вэ?
Ээж: 9 сард.
Ц: Өмнө нь таны төрсөн өдөр хэзээ болсон бэ?
Э: Бас л 9 сард болсон шд.
Ц: Тийм үү? Яасан сонин юм бэ? Дандаа 9 сард болдог юм уу?

Хааяа Цэлмүүнтэй утсаар ярихдаа "Юу байна?" гээд асуучихаар "Наадах чинь яасан сонин асуулт вэ? Би ийм юм асуухаар юу хэлэхээ мэдэхгүй, хариулж чадахгүй байна шүү дээ" гээд л утасны цаана мушгирдаг байлаа. Харин одоо бол "Тайван", эсвэл "Юмгүй ээ" гэж хариулдаг болжээ.

Цэлмүүний ярианаас #1, #2

Wednesday, June 18, 2014

Бодлого

Аав нь машинд явж байхдаа, энд тэнд хүүхдүүдээрээ бодлого бодуулаад л явдаг юм. Цэлмүүнд бол арай ахисан түвшний "Дөрөв дээр дөрвийг нэмэхээр хэд вэ?" гээд л, Ирмүүнд бол "Нэг дээр хоёрыг нэмэхээр хэд вэ? Чамд гурван чихэр байсан чинь нэгийг нь аниадаа өгчихвөл чамд хэд үлдэх вэ?" гээд л.
Одоо Ирмүүн тэрийг нь сураад авчихсан
- Ээж ээ, би танаар бодлого бодуулъя гэнэ.
- За.
- Гурав дээр нэмэх нь хэд вэ?
- ...0_o
- Хэлээч ээ гэж уурлангуй хариултаа нэхнэ.
- Гурав.
- Зөв байна.
..........
Эсвэл
- Дугуй дүрс дээр нэмэх нь арав, хэд вэ?

 Энэ бодлогыг бодож чадах хүн байна уу?

Friday, June 13, 2014

Унтаахай

Манай Ирмүүн алиа хүүхэд болох нь ээ.

Бид хэд өдөржин паркаар явж явж орой нь солонгос хоолонд орсон юм. Тэгтэл хоол иртэл манай хүн ширээгээ дэрлээд унтаад байлаа. Өө эвий эвий, ядраад унтчихаж гээд хартал ам нь хөдлөөд байлаа.

Мань хүн унтсан дүр эсгэж биднээр тоглож байсан болж таарлаа

Tuesday, June 3, 2014

Гарын үсэг

Нэг өдөр Цэлмүүн гарын үсгийн талаар баахан шалгаалаа. Соронзон самбар дээрээ
- Ээж ээ, гарын үсгээ зураад өгөөч гэхээр нь зураад өглөө.
- Одоо аавын гарын үсгийг зураад өгөөч.
- Аав нь өөрөө гарын үсгээ зурдаг юм. Хүн өөрийнхөө л гарын үсгийг зурдаг гэсэн ч мань хүн тоосонгүй, намайг аавынхаа, өөрийнхөө, дүүгийнхээ гээд бүгдийнх нь гарын үсгийг зурахыг шаллаа.
Үргэлжлүүлээд өөрөө хүмүүсийн гарын үсгийг зураад байгаа бололтой:
- Ээж ээ, Ирмүүн гэхэд ямар үсэг ордог билээ л гэнэ. Зурж дуусаад үзүүлтэл

Нээрээ бодсон чинь ГАР + ҮСЭГ = ГАРЫН ҮСЭГ яалт ч үгүй зөв болж таарлаа. Хүүхэд хөөрхөн сэтгэнэ шүү.