Pages

Tuesday, July 29, 2014

Цэлмүүний ярианаас #3


Цэлмүүн: Ээж, таны төрсөн өдөр хэзээ болох вэ?
Ээж: 9 сард.
Ц: Өмнө нь таны төрсөн өдөр хэзээ болсон бэ?
Э: Бас л 9 сард болсон шд.
Ц: Тийм үү? Яасан сонин юм бэ? Дандаа 9 сард болдог юм уу?

Хааяа Цэлмүүнтэй утсаар ярихдаа "Юу байна?" гээд асуучихаар "Наадах чинь яасан сонин асуулт вэ? Би ийм юм асуухаар юу хэлэхээ мэдэхгүй, хариулж чадахгүй байна шүү дээ" гээд л утасны цаана мушгирдаг байлаа. Харин одоо бол "Тайван", эсвэл "Юмгүй ээ" гэж хариулдаг болжээ.

Цэлмүүний ярианаас #1, #2

Wednesday, June 18, 2014

Бодлого

Аав нь машинд явж байхдаа, энд тэнд хүүхдүүдээрээ бодлого бодуулаад л явдаг юм. Цэлмүүнд бол арай ахисан түвшний "Дөрөв дээр дөрвийг нэмэхээр хэд вэ?" гээд л, Ирмүүнд бол "Нэг дээр хоёрыг нэмэхээр хэд вэ? Чамд гурван чихэр байсан чинь нэгийг нь аниадаа өгчихвөл чамд хэд үлдэх вэ?" гээд л.
Одоо Ирмүүн тэрийг нь сураад авчихсан
- Ээж ээ, би танаар бодлого бодуулъя гэнэ.
- За.
- Гурав дээр нэмэх нь хэд вэ?
- ...0_o
- Хэлээч ээ гэж уурлангуй хариултаа нэхнэ.
- Гурав.
- Зөв байна.
..........
Эсвэл
- Дугуй дүрс дээр нэмэх нь арав, хэд вэ?

 Энэ бодлогыг бодож чадах хүн байна уу?

Friday, June 13, 2014

Унтаахай

Манай Ирмүүн алиа хүүхэд болох нь ээ.

Бид хэд өдөржин паркаар явж явж орой нь солонгос хоолонд орсон юм. Тэгтэл хоол иртэл манай хүн ширээгээ дэрлээд унтаад байлаа. Өө эвий эвий, ядраад унтчихаж гээд хартал ам нь хөдлөөд байлаа.

Мань хүн унтсан дүр эсгэж биднээр тоглож байсан болж таарлаа

Tuesday, June 3, 2014

Гарын үсэг

Нэг өдөр Цэлмүүн гарын үсгийн талаар баахан шалгаалаа. Соронзон самбар дээрээ
- Ээж ээ, гарын үсгээ зураад өгөөч гэхээр нь зураад өглөө.
- Одоо аавын гарын үсгийг зураад өгөөч.
- Аав нь өөрөө гарын үсгээ зурдаг юм. Хүн өөрийнхөө л гарын үсгийг зурдаг гэсэн ч мань хүн тоосонгүй, намайг аавынхаа, өөрийнхөө, дүүгийнхээ гээд бүгдийнх нь гарын үсгийг зурахыг шаллаа.
Үргэлжлүүлээд өөрөө хүмүүсийн гарын үсгийг зураад байгаа бололтой:
- Ээж ээ, Ирмүүн гэхэд ямар үсэг ордог билээ л гэнэ. Зурж дуусаад үзүүлтэл

Нээрээ бодсон чинь ГАР + ҮСЭГ = ГАРЫН ҮСЭГ яалт ч үгүй зөв болж таарлаа. Хүүхэд хөөрхөн сэтгэнэ шүү.

Wednesday, May 28, 2014

Өглөөний цайнд

Цэлмүүн Ирмүүн хоёр амралтын өдрийн өглөө унтуулахгүй, шуугилдаад гүйлдээд байдаг юм. Нэг өглөө нөгөө хоёр чинь түрүүлээд босчихсон, үймүүлээд л, би унтсан ч биш, унтаагүй ч биш сонсоод л хэвтээд байлаа. Цэлмүүн жүжигчилж тоглох дуртай, энэ удаад зөөгч болсон бололтой:
- Та өглөөний цайнд юу авах вэ?
Ирмүүн хариуд нь:
- Юу байгаан!!! Гэж чангаар асууна.
- Манайд алимны шүүс, жүржийн шүүс, гүзээлзгэний шүүс байна. (Манайд алимны шүүс л байгаа.)
- Ёотон авъя.
- За гэх нь сонсогдлоо.

Тэсэлгүй босоод иртэл Цэлмүүн дүүдээ өглөөний цай гээд таваг дүүрэн ёотон тавиад өгчихсөн байлаа.

Monday, May 26, 2014

Эрвээхий

Манай хоёр аавтайгаа ноцолдож тоглох дуртай. Аавыгаа байхгүйд ээжийгээ хөөцөлдье, зодолдоё, нуугдаж тоглоё гээд амраахгүй. Бид гурав харин зураг зурж, ном буддаг. 
Зураг будаж байгаад Цэлмүүн будгаараа Эрвээхий хийлээ.
Ирмүүн ч бас яаж дутах вэ, ээж ээ, би бас Эрвээхий хийлээ гэв.

Friday, May 16, 2014

Аав хүүхэд хоёр

Ирмүүн бид хоёр чиргүүлтэй ачааны машинаар тоглож байв. Том машиныг нь Ирмүүн авч, жижгийг нь би авлаа. Том машинтайгаараа Ирмүүн:

- Би аав нь шүү, за юу?
- За.
- Чи хүүхэд нь шүү, за юу?
- За.
- Ээж нь үхцэн шүү, за.
- O_o.


Бодвол үлгэрт ээж нь нас барсан, энэ тэр гэж гардгийг санасан юм шиг байна.

Wednesday, May 7, 2014

Охин уу, хүү юу?

Цэлмүүн:
-        Ээж ээ, би багадаа охин байсан уу, хүү байсан уу?
-        Миний охин чинь багадаа ч гэсэн охин байсан шүү дээ.
-        Манай ангийн зарим эрэгтэй хүүхдүүд багадаа охин байсан юм байна лээ. (Урт үстэй байсныг нь охин байсан гэж бодсон бололтой.)

Thursday, May 1, 2014

Хувцас хатаасан нь

Ирмүүн бид хоёр угаалгын машинаас хувцас гаргаж, хатаагчин дээр тохож байв.
- Үүнийг яах вэ гээд Ирмүүн нэг оймс барьчихсан зогсоно.
- Миний хүү, наадахаа хатаачих гэж би хурдхан хэлэв. 
(Ирмүүнээр туслалцуулан ямар нэгэн ажил хийж байгаа тохиолдолд юу хийхийг нь гялс хэлж тохиролцохгүй бол ажиллагаанд саад болж бусниулаад эхэлдэг талтай.)
Ирмүүн оймсоо хатаагчин дээр тохоод “Фүү-фүү” гээд үлээж гарав.





Wednesday, April 16, 2014