Pages

Monday, January 7, 2019

Бамбуу

Нэмүүн ой 7 сар хүрлээ.
Харахаас хага базчихмаар эгдүүтэй.
Царайлаг, мариалаг, ухаалаг, эгдүүлэг Бамбуушиг. Бамбуу ч гэж дуудаж болно.
Үс нь зөндөө ургаад, бүрэн боогддог болсон. Үсийг нь боочихоор түнтийсэн духтай, бомбойсон хацартай, арилгасан сонгино шиг цэвэрхэн хүү болно доо. 
Гэрээр гүйгээд л гэрэл асаагаад л. Унтраах гэхээр арай хүрэхгүй.
Таалагдахгүй юм, эсвэл боль битгий гэхээр тас гүрийгээд, эргэж ч харахгүй толгой сэгсрээд зогсчихно ш дээ. 

Өндөр жил

- Ээж, таньд цагаан үс байна шдээ. Таныг би хөгшрүүлмээргүй байна. Та 2 сарын 26-нд төрчихгүй. Тэгвэл хэдхэн жилд нас нэмэхгүй юу?!

Зөнөг хүүхэд

- Ирмүүн ээ, яагаад юмаа мартаад байгаам бэ?
- Цэцэрлэгт байхдаа юмаа мартдаггүй л байсан, одоо хөгшрөөд байноо. Би зөнөг хүүхэд болжийноо.

Sunday, December 16, 2018

Гэрлэхэд яараад л

Манай Ирмүүн гэрлэх, хайр энэ тэрийн талаар их яринаа. Нэг өдөр "Би том болоод гэрлэх охиноо олсон чинь намайг тоохгүй бол яах уу гээд сандраад байх юм" гэнээ. Гэрлэхдээ яараад дараалал дээрээ жаахан алдаад байх шиг, гайгүй байгаа...

20180115

Monday, December 10, 2018

Заваарсан юм

Бид хэд дэлгүүрт трико, дотуур хувцасны лангууны хажуугаар өнгөрөв. Шилэн триконы сурталчилгааны хүүхний зураг хараад Ирмүүн хаанаасаа ч сурсан юм, хэзээ язааны егзөр өвгөн шиг "Заваарсан юм, бөгсөө гаргачихаад .." гэнээ. Хэнээс ч ийм үг сурдаг юм, манайд лав тэгэж ярьдаг хүн байдаггүй..

Бамбарууш

Ой хагастай бамбарууш. Өвөө чихсээр байгаад бандайсан бамбарууш болсон. Дэгдээхий гэж нэрлэхэд арай л бадриун залуу байна. Сар хагасын өмнө өвлийн комбинезон авсан чинь бараг багадах маягтай, гэдсээрээ бариад.  
Худлаа уйлна, хаха хаха гээд худлаа инээнэ. Боль, битгий гэдэг үг сонсвол шууд уйлна. Өөрөө болохоор юм хэлэхээр үгүй, үгүй, үгүй гээд л шийдэмгийгээр толгойгоо сэгсрэнэ.
Усанд орох багын их дуртай. Одоо ч гэсэн хэвээрээ. 
Арслан, бар, үлэг гүрвэл хараад аррр гэж архирна. 
Бэби шак дүү дүү гээд хуруугаа хөдөлгөөд, бүх хөдөлгөөнийг мэднэ,  дагаад дуулна. 
Поророгийн төгсгөлийн дууг зун аяллаар явахдаа сайн сурсан, бараг зүүдэндээ ч дуулна. Бам ба ба ба бам ба ба ба бам ба ба бааааааа
Зурагтаар дуу гарвал, кинон дээр ч юм уу ая гарвал хоёр гараа өргөөд бүжиглэнэ. Дуу бүжгэнд их дуртай. 
Машинаар их тоглож байна, түрээд л юм мөргүүлээд пүн тан түс тас гээд л

Thursday, November 29, 2018

Хүүхэд төрүүлэхгүй

- Ээж, би хүүхэд яаж төрүүлдгийг харсан шдээ. Аниа үзүүлсийн. Тэгээд аймаар өвддөг юм байна лээ. Би яаж төрнөө? Ер нь би доороосоо даараад хүүхэд төрүүлж чаддаггүй болноо. Доороосоо даарвал хүүхэд төрүүлж чаддаггүй болдог гэсэн. Манай ангийн хүүхэд тэгэж байна лээ.

Цас

Өглөө бостол цас орсон байлаа. Гадаа гармагцаа Ирмүүн цас атгаж аваад Цэлмүүн рүү шидэв.
- Хүүе ээ, яаж байнаа?
- Тэгээд би яах юм бэ? Цас орсон байхад (хүн рүү шидэхгүй) яаж тэвчих юм бэ?

Saturday, November 17, 2018

Нэмүүн

Ой 2 сартайдаа алхаж эхэллээ. Гэрээр юм буулгаад, болох болохгүй юм хийгээд явдаг болсон. Хогийн саванд их дуртай, байн байн гүйж очоод онголзуулаад. Харж байхгүй бол хаа хамаагүй юм аваачаад хаячихна.

Ой 3 сартайдаа ширээний хөлний булан мөргөөд духан дээрээ том булдруутай болж сандаргалаа. Бөөр алаг бөмбөг дууг бөө бөө гэж дуулаад, үйлдлийг нь яг хийгээд л.

Ой 5 сар хүрээд, ааш араншин суугаад бөөн эгдүүний үүр байна. Авмаар байгаа юмаа худлаа уйлж, чанга орилж нэхэж байна. Гадаа гарахын бөөн дур хүслэн.

Friday, November 16, 2018

Сургуулиас залхаж байна

И: Би энэ амьдралаас залхаж байна
Э: АААН?!
И: Сургууль гээд л...
Э: Сургууль муухай байна уу?
И: үгүй л дээ, гоё л доо, гэхдээ л ….

Ирмүүн сургуульд ороод өглөө автобусанд сууж яваад, өдөржин сургууль дээрээ байж байгаад орой ирээд даалгавраа хийдэг, тоглож наадах цаг багасахад гаргасан гомдол.