Pages

Tuesday, August 21, 2018

Сургууль

Ирмүүн сургуульд орлоо. Хичээлийн шинэ жилийн нээлт болох гээд бид сургуулийн гадаа хүлээж зогслоо. Ирмүүн хэсэг зогссоноо залхуу нь хүрэв бололтой, эвшээхээр нь:

- Сургуульд өдөр унтуулдаггүй шд гэв.
- Тийм үү? Хэзээ ч үү?
- Хэзээ ч унтуулахгүй.
Хэсэг байж байснаа
- Маргааш унтуулах уу? гэнээ. Өнөө өдөр унтах дургүй залуу чинь унтуулахгүй гэхээр улам унтмаар болоод байгаа бололтой.

Одоо манай залуу ч 2-р ангийн том залуу болсон доо.

Thursday, August 16, 2018

Тоос сорогчинд дурлагч

Нэмүүн Румбаг (автомат тоос сорогч) ёстой зүгээр байлгадаггүй шд. Өстөн дайсан гэж бодоод байдаг юм уу, эсвэл өрсөлдөгч, эсвэл тоглоом гэж боддог юм уу, бүү мэд.
Асаангуут гүйж очоод унтраана. Тэгснээ буцааж асаагаад эргэж харан харан зугтаана. Тэгснээ очиж унтраана. Ер нь эвдчих магадгүй.
Ердийн тоос сорогчинд ч бас дуртай. Асаангуут ард нь ирээд, муухай халуун агаарыг нь үнэрлээд л суучихдаг юм. Тэгээд л гэрээр дагаж хөөцөлдөөд л. Бас өөрөө соруулах гэж үзнэ. Ингээд бодохоор Нэмүүн тоос сорогчинд дуртай юм байнаа.

Tuesday, August 14, 2018

Ээжийн охин

Ц: Дүү хурдан том болоосой.
Э: Яагаад? Дүүтэйгээ тоглох гэсийм үү?
Ц: Үгүй, ээжтэйгээ унтъя.

Monday, June 25, 2018

Оньсого

И: Ээж, оньсого таалцъя аа.
Э: За.
И: Нар яагаад жаргадаг вэ?
Э: Яагаад жаргадаг ийн?
И: Нар жаргахгүй бол бид нар унтахгүй шд. Хүүхдүүх өдөр жаахан, шөнө их унтдаг. Бид нарыг унтуулах гээд нар жаргадаг байхгүй юу.
Э: Наадах чинь оньсого биш байна.
И: Мөөн, мөн!

Sunday, June 17, 2018

Цэцэг

Нэмүүний анхны үг цэцэг байлаа. 5 сард хотхоны хашаанд бүйлс мод цэцэглэж, цэцгийг нь цэцэг гэж зааж өгтөл "тцэтцэггг" гээд нээх хөөрхөн хэлээд сурчихсан. Хамгийн инээдтэй нь модыг цэцэг гээд бодчихсон байгаа. Яваандаа учрыг нь олох байгаа.

Saturday, June 16, 2018

Sunday, May 27, 2018

Царцааны гэр бүл

Өнгөрсөн зун, хөдөө ууланд явж байгаад Ирмүүн царцаа барьж, усны саванд цуглуулаад байв.
 - Битгий амьтан тамлаад бай!
 - Би тамлаагүй ээ, сургаж байгаан гээд хайхрахгүй байв.
Болиулчих санаатай, арай өөр өнцгөөс:
 - Наад царцааны чинь гэрийнхэн нь санаа зовж байгаа даа гэж өнөө царцааг өрөвдүүлэх гэж үзлээ.
 - Зүгээр ээ, энд гэр бүлээрээ байгаан гэнэээ. Хэлэх ч үг олдсонгүй, энэ хүүхдийн хэл амыг гүйцэхгүй нь ээ.

Saturday, March 17, 2018

Солгой

Ирмүүн хамаг үсэг тоог буруу харуулж бичнэ. Тэгээд буруу харуулж бичлээ гээд хэлэхээр би солгой гээд гүрийнэ шүү. 

Багш нь хүчээр баруун гараар бичүүлэх гэхвий гээд багшдаа хэлээрэй гэснийг манай хүн "Угаасаа аав намайг багшдаа хэлээрэй (солгой гартай, буруу харуулж бичдэг)" гэсийн гэнээ. 

Friday, March 2, 2018

Далайн дээрэмчний үхэл

Далайн дээрэмчин ингэж үхдэг, тээ? Далайд, давалгаанд, бас наймаалжинд.

Friday, February 9, 2018

Мөрөөдөл

Ирмүүнийг хардаг байсан эгч нь унтуулахдаа гарыг нь сугандаа тас хавчуулаад хөдөлгөөнгүй дараад унтуулчихдаг байсийн. Тэгээд суга барих дуртай болцон.
"Би мөрөөдөлдөө хүрсэн, миний мөрөөдөл аавын суга" гэнээ...